Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам Баянхонгорт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-нд Баянхонгор аймагт болох тов гарчээ.
14 хоног үргэлжлэх тус наадамд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор 3252 тамирчин 879 багц медалийн төлөө Баянхонгорт спортын 17, Улаанбаатарт 11 төрөлд өрсөлдөх юм. 1961 оноос эхлэлтэй Монголын бүх ард түмний наадмыг дөрвөн жил тутамд зохион байгуулахдаа спортын шинэ төрлүүдийг орон нутагт дэлгэрүүлэхийн зэрэгцээ шинэ амжилт тогтоох, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөн олныг хамруулах зорилготой билээ. Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойг угтаж анхдугаар наадмыг зохион байгуулж байсан бол 2008 оноос хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд (паралимп, дифлимп)-ийн спортыг хамруулжээ.
XVI наадмыг
нутагтаа хүлээн авч буй Баянхонгор аймгийн тухайд 2022 онд Монгол Улсын
Ерөнхийлөгчийн ивээл дор футзаалны 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн, Бадминтоны
өсвөрийн УАШТ, 2023 онд Монголын хүүхдийн спортын зуны VII наадам, Монголын
волейболын клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан бол энэ өдрүүдэд
шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээ тоглолтыг хүлээн авч байна.