Төмөр замын салбарт хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологи нэвтрүүлэхийг зорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Зам тээврийн яам БНХАУ-ын CRSC “Хятадын төмөр замын дохиолол холбоо групп” ХХК-тай хамтран мэргэшсэн инженер техникч бэлтгэх, туршлага судлуулах, богино хугацааны сургалтад хамруулж ур чадварыг нь дээшлүүлэх, галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, хяналтын программ хангамжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ тухайгаа CRSC “Хятадын төмөр замын дохиолол холбоо групп” ХХК-ийн Намын хорооны дарга, ТУЗ-ийн дарга Лоу Чилян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ тодотгов. Уулзалтаар төмөр замын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, ажлын явцтай танилцах, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхой болгох судалгааг хамтран хийхээр тохиролцсон байна. Түүнчлэн, манай улсын төмөр замын тээврийн систем, тэр дундаа Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хэрэгжиж буй төмөр замын төслүүдэд галт тэрэгний удирдлагын хяналтын системийн технологийг судалж боловсруулах, суурилуулж нутагшуулах, хөгжүүлэх шийдлийн талаар санал солилцож, энэ чиглэлд хамтран ажиллах боломжийг ярилцжээ.
Монгол Улсын төмөр замын салбар 2019 оноос бүтээн
байгуулалтыг эрчимжүүлснээр 2500 км байсан
төмөр замын шугамыг нэмж, одоогоор 3900
км гаруй болгоод байгаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Төмөр замын бүтээн
байгуулалт хийснээр тээвэрлэлт
2 дахин нэмэгдэж, төмөр замын
аюулгүй, найдвартай байдал, тасралтгүй ажиллагаа, ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай болсон. Дүрэм, журам, хууль эрх зүйн орчныг сайжруулж байгаа ч төмөр замын эргүүл,
шалгалт, бодит байдлын хяналтад дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан
алсын зайн хянах технологи нэвтрүүлэхийг зорьж байна. Ялангуяа, Засгийн газраас хэрэгжүүлж буй төмөр замын том төслүүдийн бүтээн байгуулалт, талбайн гүйцэтгэл, төслийн явцыг хянахад шинэ техник технологи
ашиглах шаардлагатай учир танай
компанийн хөгжүүлж буй “дрон технологи”-ийг нэвтрүүлж,
ашиглах саналтай байна” хэмээн уламжлав.
Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард Бээжин хотод зохион байгуулсан “Дэлхийн өндөр
хурдны төмөр замын 12 дугаар их хурал”-д оролцох үеэр тус компаниар зочилж, төмөр замын дохиолол холбооны
сүлжээ, түүний аюулгүй
байдал, үр ашиг, үйл ажиллагааг сайжруулах инноваци, ухаалаг технологийн шийдэлтэй танилцаж, хамтран ажиллах талаар уулзаж байсан юм.
CRSC “Хятадын төмөр замын дохиолол холбоо групп” ХХК нь
төмөр замын харилцаа холбоо, өндөр хурдны галт тэрэгний дохиолол холбооны
системийн үйлдвэрлэл, хөгжүүлэлт, суурилуулалт, борлуулалтаар дэлхийд
тэргүүлэгч томоохон компани аж.