ӨМНӨГОВЬ: Бага ангийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээл оруулахаар төсөл боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-09-18 12:10:37

Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн багш нарыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

 

Тодруулбал, “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр “Өсөлттэй Өмнөговь” эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн ЗДТГ, Боловсролын газар, ЭМГ, МУБИС-тай хамтран ЕБС-ийн эрүүл мэндийн хичээл орж буй IV-V анги болон суурь, бүрэн дунд боловсролын 58 багшийг чадавхжуулах онол, дадлага хосолсон 16 цагийн сургалтад хамрууллаа.

 

Сургалтын гол зорилго нь сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох багш нарын мэдлэгийг тэлэх, сургалтын арга зүй болон технологийг сайжруулах, сургуулийн түвшинд эрүүл амьдралын зөв хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.

 

Багш нар сургалтаар бэлгийн цогц боловсрол, харилцаа, хандлага, өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудлууд, хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ ба шошго зэрэг сэдвээр мэдлэг хуримтлуулж батламж гардан авчээ.

 

Ирэх хичээлийн жилд бага ангийн сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийж эрүүл мэндийн хичээлийг I-V ангид оруулахаар төсөл хөтөлбөр боловсруулж байна.

 

関連ニュース