М.Саруул-Эрдэнэ: Конгрессын номын санд хандивлах монгол судлалын номыг МУБИС-д хүлээж авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136 @gmail.com
2025-09-21 19:01:14

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Номын баяр 38 дахь удаагаа нийслэлийн төв талбайд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Номын зохиолч, орчуулагч, уншигч гурвыг нэг дор уулзах боломжийг олгодог энэхүү номын баярын үеэр АНУ-ын Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, түүх судлаач, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэтэй уулзлаа.

 

Тэрбээр Монгол хэл соёлыг судлан таниулах, монгол судлалыг хөгжүүлэх, гадаадад буй Монголын өвийг сурвалжлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа юм.

 

-Холын хүнээс үг сонс гэж монголчууд ярьдаг. Манай улсын номын баяр бусад орныхтой харьцуулахад ямар онцлогтой байгаа талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Их олон улсын номын баярыг би сайн мэдэхгүй л дээ. Манай Конгрессын номын сан Америкийн үндэсний номын баярыг хийдэг юм. Конгрессын номын сан дахь  үндэсний баярыг тэргүүн хатагтайн ивээл дор зохион байгуулдаг. Брэнд болчихсон учраас тэргүүн хатагтай түүндээ ч дуртай. Голлох зохиолч нараа урьдаг, сар орчим үргэлжилдэг сайхан үйл ажиллагаа болдог.  Нэг хоёр өдрийн үйл ажиллагаа биш учраас зохиолч нар нь ээлжлээд ирдэг.

 

Миний хувьд номын баярт жил бүр оролцож чадахгүй ч гэсэн нэлээн хэдэн удаа оролцож байгаа. Манайхны ялгаа гэх юм бол их сайхан халуун дотно, номын баярын асрыг тойроод явахад зохиолчид нь өөрсдөө номтойгоо байж байгаа. Тэгэхээр их ойр дотно, халуун яриа өрнүүлнэ. Уншигч, зохиолч хоёр, зохиолч зохиолчтойгоо, уншигч уншигчтайгаа уулзана. Харин Конгрессын номын сан их том газар. Заримдаа Нобелийн шагналт зохиолч нар ирэхээр харуул хамгаалалт гардаг учраас та бидэн шиг ширээний ард тойрч суугаад, яриа хөөрөө өрнөж чаддаггүй. Том том зохиолч нар нэг театрын тайзан дээр сууж байгаад ярьдаг. Тэгэхээр манайхны онцлог бол илүү сайхан, халуун дотно байна, илүү ойрхноос уулзаж байна.

 

-Та энэ удаагийн номын баярт ямар ном бүтээлээр оролцож байна вэ?

-Би хоёр номтой ирлээ. Нэг нь сая хэвлэгдсэн "Монгол НҮБ-д элсэх ёстой" гэдэг ном. Монголчууд Ларсон гүн гэдэг нэрээр нь сайн мэдэх Франц Август Ларсон бол Монголыг НҮБ-д элсэхэд дэмжих зорилгоор 1947 онд Монголын тухай нэг ном бичжээ. Харамсалтай нь огт хэвлэгдээгүй. Америкийн хэвлэлийн газрууд хэвлээгүй. Нэгэнт хэвлэгдээгүй учраас бичгийн машин дээр хэвлэсэн эхээрээ тэр чигээрээ үлдчихсэн. Тэр нь дөнгөж сая илэрч гарч ирж байгаа юм. Үр хүүхдүүд нь бичиг баримтыг нь манай номын санд хандивласан юм. Тэгээд үзсэн чинь маш сонирхолтой, Монголын тэр үеийн байдлыг өөрийн нүдээр харж бичсэн юм билээ. Үүнийг нь орчуулаад, ард нь английг нь оруулаад англи, монгол хэлээр гаргалаа.

 

Нөгөөх нь Хар Дорж гэж алдартай, Б.Ринчен гуайн хүргэн байсан Кара Диорд хэмээх эрдэмтний хууч яриа юм. Хар Дорж гэж хүндэтгэлийн нэрээрээ Монголд алдартай. Маш сонирхолтой юм ярьдаг хүн. Би Индианагийн их сургуульд зочин судлаачаар очоод Хар Дорж багштай 5 жил ажилласан юм. Маш сонин сонирхолтой ярианууд, хуучийг нь тэмдэглэж авч байсан юм. Түүнийгээ ном болгож гаргалаа. Хэрэв би үүнийг гаргахгүй бол Хар Дорж багштай хамт энэ их мэдлэг, мэдээлэл тэр чигээрээ хамт явчих гээд байсан юм. Учир нь Хар Дорж багш маань бурхан болсон.

 

-Таны анзаарснаар, ер нь дэлхий нийт юуг илүү сонирхох чиг хандлагатай байна вэ?

-Дэлхий нийтийн хандлага бол баримтат уран зохиол руу илүү орчихсон. Баримтат уран зохиол, тэр дундаа илүү хүнтэй холбоотой, жинхэнэ болсон явдлыг их эвтэйхнээр найруулан бичсэн тэр л зүг рүү уншигч их яваад байгаа. Өөрөө санаачилж, зохиож бичсэн уран зохиол явдгаараа явж байгаа ч хүмүүсийн уншлагын хандлага бол баримтат уран зохиолыг сонирхож байна.

 

-АНУ-ын Конгрессын номын санд ажилладаг монгол хүний хувьд тус номын санд монголын ямар бүтээлүүд хадгалагддаг талаар сонирхуулаач?

-Конгрессын номын сан дэлхийн бүх улсын, бүх хэлээрх, бүх чухал ном бүтээлийг авна гэсэн уриатай. Тэгэхээр Монголоос хэвлэгдэж байгаа чухал номуудыг бүгдийг нь авч байна л гэсэн үг. Монгол судлалын холбогдолтой гол номууд бүгд орж байгаа. Харамсалтай нь одоо Америкийн шинэ засаг төрийн бодлогоор гадаадаас ном худалдаж авах төсөв нь байхгүй болсон. Тэгэхдээ хүмүүс ном хандивлах сонирхолтой байдаг. Би маргаашаас МУБИС-тай гэрээ байгуулна. Конгрессын номын санд хандивлах монгол зохиолч бүтээлч нарын монгол судлалтай холбоотой номыг МУБИС албан ёсоор хүлээж авдаг санаачилга эхлүүлж байна. Ном хүнд учраас тээвэрлэхэд хүндрэлтэй. Түүнийг нь АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр хариуцаж явуулахаар ажиллаж байна. Бусад улсын ном зогсох тал руугаа болж байгаа бол манайх үргэлжлээд яваад байж чадахаар болж байна.



関連ニュース