Ж.Сэнгэдорж: Би бурхан уу, чөтгөр үү гэж өөрөөсөө асууж өөрийгөө таниасай гэж хүссэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-20 13:02:48

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дэлхийн хамгийн нэр хүндтэй Оскарын шагналын олон улсын бүрэн хэмжээний кино төрөлд Монгол Улсаас оролцох болсон “Чимээгүй хотын жолооч” уран сайхны киноны найруулагч Ж.Сэнгэдоржтой ярилцлаа.


-Юуны өмнө танд болон танай баг хамт олонд амжилт хүсье. Наадамд оролцох төлөвлөгөө, төсөөлөл хэрхэн бууж байна вэ? Таны сэтгэгдлийг сонсмоор байна.

-Баярлалаа, мэдээж маш том боломж, урам, хариуцлага. Оскарын наадамд Оскар авна гэдэг бидний хувьд хэцүү. Бид киногоо дэвшүүлж Азиас оролцоно гэдэг өөрөө маш том амжилт. Тиймээс кино уран бүтээлчид болон Монголын ард түмний хувьд чухал мөч тохиож байна. Манай кино групп, хамт олон энэ бүхнийг өндөр сэтгэгдэлтэй хүлээн авч байгаа ч, нөгөө талаасаа тодорхой түгшүүр ч бас байна. Ер нь ирэх гурван сар их л  түгшүүртэй, хүлээлттэй өнгөрөх байх.


-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй оролцох вэ?

-Одоогоор товлоогүй байгаа. Оскарын урьдчилсан хоёр дахь шатны  шалгаруулалт  12 сард  зарладаг. Тэр үед л  тодорхой болох байх.


-Кино бол бүх хүн төрөлхтний хэл гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл энэ киноны хэлээр монголчууд хэр сайн ярьж чадаж байна гэж та бодож байна вэ?

-Оскар тухайн кино өнгөрсөн жилдээ ямар амжилт үзүүлснийг маш нарийн хардаг. “Чимээгүй хотын жолооч” кино  2024 онд Эстонийн нийслэл Таллин хотод болсон дэлхийн продюсеруудын холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг 15 “А” зэрэглэлийн кино наадмын нэгэнд оролцсон. Манай Монгол Улсаас өмнө нь “А” зэрэглэлийн наадмын уралдаант хэсэгт кино оролцож байсан ч гранпри шагнал авч байгаагүй. Харин “Чимээгүй хотын жолооч” гранпри авсан. Мөн шилдэг кино болон шилдэг зураачийн төрөлд нэр дэвшсэн нь том амжилт болсон. Таллины наадмын дараах шуугиан, анхаарал дэлхийд хүчтэй хүрсэн. Ер нь олон улсын кино наадмууд тухайн фестивалиас шалгарсан бүтээлийг дараа дараагийн уралдаанд урьдаг уламжлалтай. Гранпри авсан кино дэлхийн хэмжээнд чансаагаараа шууд гарч ирдэг юм. Азийн шилдэг 30 киноны жагсаалтад 2024 онд манай бүтээл 23 дугаар байрт орсон. Энэ амжилтын нийлбэр нь Оскарт нэр дэвших тодорхой хэмжээний боломж, үүд хаалгыг нээж өгсөн гэж хэлж болно.


-Энэ уралдаанд оролцсоноороо олон улсын кино шүүмжлэгчдийн хараанд их өртдөг. Тэр ч утгаараа “Чимээгүй хотын жолооч” киноны тухай олон улсад судлаач шүүмжлэгч нар өөр өөрсдийн өнцгөөр тайлбарласан. Таны философи найруулагчийн үзэл санаа энэ кинонд хэрхэн туссан тухай их анхаарал татсан шүүмж  байсан. Ж.Сэнгэдорж найруулагч гүн ухаан, философилог хүн үү. Гэтэл таны урьд өмнө хийж байсан кинонд таны энэ философи шингээд л явж байсан байна гэдгийг одоо магадгүй би хөнгөхөн харж байсан байна. Үүнийг ингэж гүн гүнзгий эрт олж хараагүй юм гэдэг эмзэглэл бас төрж байсан?

-Дэлхийн кино урлагт кино шүүмжлэгчдийн байр суурь маш өндөр. Тэдний дүгнэлт, үнэлгээ тухайн бүтээлийг олон улсын тавцанд гаргах нэг хүчин зүйл болдог. Зарим оронд бүр нэр хүндтэй шүүмжлэгчдэд төлбөр төлж бичүүлдэг. Манай улсад ч кино шүүмжийн соёл, мэргэжлийн үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх шаардлага бий гэж боддог. Би 1998 оноос хойш кино урлагт хүчин зүтгэж байна. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд тасралтгүй суралцаж, төрөл бүрийн жанрт хүч сорьсоор ирсэн. “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг” гээд бүтээл өөр өөр өнгө, хэлбэрийг эрэлхийлсэн оролдлогууд. Найруулагч хүн өөрийн гэсэн  үзэл бодол, өнгө төрх тэр зүйлээ хайрцаглачих юм бол уран бүтээлийнх нь орон зайг маш том хаалга хаачихдаг. Миний хувьд уран бүтээлч хүн аль болох уян, ус шиг байх ёстой гэж үздэг. Хүн өөрийн үзэл бодлыг нэг л хүрээнд хорьж болохгүй. Багш маань нэгэнтээ “Найруулагч хүн асуултын тэмдэг байх ёстой. Хэрвээ үзэгч чамайг уншаад ойлгочихвол сонирхохоо больдог” гэж хэлж байсан. Энэ үг өнөөдөр ч надад хамгийн үнэтэй сургамж хэвээр. Бид зах зээлээ өргөжүүлж, дэлхийн тавцанд гарахын тулд судалгаа хийж, "А" зэрэглэлийн наадмын чиг хандлага, урлагийн хэл, техникийн түвшинг судалж байна. “Чимээгүй хотын жолооч” кино нь энэ судалгаа, эрэл хайгуулын үр дүн. Үүний өмнөх “Худалдагч охин” ч гэсэн гадаад ертөнцөд монгол киног гаргах анхны алхмын нэг байсан гэж хэлж болно.


-Киноныхоо уран сайхны найруулга, онцлогийг та ер нь яаж ургуулж сэтгэж гаргаж ирдэг вэ?

-Киноны үндсэн хэл нь дүрслэлийн урлаг шүү дээ. Тэгэхээр сайн кино гэдэг нь дэлхийн стандарт дээр бараг л хэлчихсэн байдаг. Сайн киног хэлний хувьд ойлгохгүй байсан ч үзээд ойлгож болно. Заримдаа энэ нь их хийсвэр сонсогдож магадгүй, яг л онгод, хийморь шиг зүйл шиг санагддаг. Гол нь юу вэ гэвэл, тэр хүний дотоод ертөнц рүү, дүрийн дотор руу өнгийж орсноор бүх зүйл  мэдрэгддэг. Харин дүрийг зөвхөн гаднаас нь хараад байвал зүгээр л хэлбэр нь л харагдана. Гэтэл дотоод мөн чанар руу нь орж шингэх тусам дүр илүү амьд, бодит мэдрэмж төрүүлдэг. Би ихэвчлэн зохиолоо бичихдээ дүрийг яг хөөгөөд дагаж бичдэг. Миний баримталдаг зарчим бол эхлээд үндсэн дүрээ бүрэн босгож өгнө, тэр дүр ямар хүн бэ, ямар дотортой вэ, амьдралынх нь түүх ямар вэ гэдгийг нарийн тодорхойлно. Бүүр ширхэгчлэн савх хурууных нь савхны ясыг нь хүртэл өрж гаргаад арьсаар бүрээд их л шууд муухайгаар ярьж байгаа юм шүү.  Ингээд нэг бүрэн дүр бий болж, тэр дүрийг дагаад зохиолоо бичдэг. Ингэж дүрийг гүнзгий мэдэрсний дараа түүний амьдралд юу тохиолдох вэ гэдэг нь өөрөө ургаж, зохиолын үйл явдал тодорхойлогддог.


-Таны уран бүтээлд монгол хүний сэтгэлгээ, буддын ухаан, ёс зүйн болон ёс ухамсрын зарчим тод мэдрэгддэг. Тиймээс ч “Чимээгүй хотын жолооч” кино нь Монголын уран сэтгэмж, гүн ухааныг дэлхийн тавцанд илэрхийлж чадсан бүтээл гэж дүгнэж болох уу?

-Нэг ёсондоо “чимээгүй хот” гэдэг нь бидний хотын хажууд бас дахин нэг хот оршин тогтнож байдаг гэсэн үг. Тэр нь оршуулгын газар бөгөөд бид зүгээр л чимээгүй хот гэж нэрлэчихсэн. Гэвч бид өөрсдөө чимээтэй хотод амьдардаг мөртөө аймаар чимээгүй болцгоочихсон. Хэн нэгнийгээ чагнахаа больчихсон. Өнөөдөр ганц утас байхад л хүмүүс бие биетэйгээ харилцаж чаддаггүй, хэн нэгний дотоод ертөнц рүү өнгийхөө больчихсон. Хүн өөр нэгэнтэй гаднаас нь харж, харьцдаг болчихсон. Энэ талаар кинондоо тусгасан. Нийгэм, бид одоо яг хаана байгаагаа ойлгохгүй байна. Бид өөрсдөө яг оршуулгын газар байгаа юм шиг санагдаж байгаа хэрэг үү? Үнэндээ оршуулгын газар аймшигтай биш, харин ч анир амгалан, бие биетэйгээ ярилцахад гоё газар байсан. Би үхлийг магтан дуулж байгаа юм биш, харин үхлээс айхгүй байхыг хүсэж, хүмүүсийг ч гэсэн битгий айгаасай гэж хэлэх гэсэн юм. Гэхдээ сэдвээсээ бага зэрэг хазайчихлаа. “Чимээгүй хотын жолооч” кино руу эргээд ороход хүн гэдэг амьтны дотор бурхан чөтгөр хоёулаа оршиж байдаг гэдгийг харуулж байна. Хэзээ ч “бурхан шиг хүн” гэж дангаараа байдаггүй, хүн төгс биш, орчлон ч төгс биш. Тэгэхээр амьдралын утга учир нь бурхан, чөтгөр хоёрыг яаж зохицуулах вэ гэдэгт оршдог. Энэ мөн чанар нь ихэвчлэн маш жижиг зүйл дээр гарч ирдэг. Манай киноны турш тэр л гол зүйл байдаг. Би үзэгчдийг өөрсдийгөө таньж, бурхан уу, чөтгөр үү гэж өөрөөсөө асуугаасай гэж хүссэн. Миний киноны турш үзэгчид нэг л агшинд бурхан болоод, дараагийн агшинд чөтгөр болдог. Ингэснээр тэд өөрсдийгөө эргээд таньж, дотоод амьдралынхаа эмзэг, бодит байдлыг мэдэрдэг. Ингэж бодох үед хүн хэрхэн хувирч байгааг харуулахыг би зорьсон. Энэ нь ганцхан монгол хүний сэтгэлд харагдах үзэгдэл биш. Дэлхийн хаана ч байгаа хүн үзээд энэ үнэхээр би гэж бодож, бурхан юм уу, чөтгөр үү гэдгээ ойлгож, эмзэглэн тэнэж байгаа юм.


-Нэг хэсэгтээ та кино хийхээ больж, хэсэг хугацаанд завсарласан. Тэр үе чинь судалгаа, өөрийгөө таних он жилүүд байсан болов уу?

-Залуудаа би их ном уншсан. Ажлын талбарт гараад ирэхээр унших нь их бага болсон. Гэхдээ одоо зав гарвал заавал ном барьж авдаг. Миний хувьд ном унших бол хамгийн том ажил, уран бүтээлч хүний хамгийн гол зэвсэг. Манай аав ч бас их уншдаг байсан. Оросын болон монголын утга зохиолыг уншина. Би өөрөө ч гэсэн аавын номоос эхэлсэн хүн. Хүүхэд байхдаа Монголын утга зохиолын дээжис, өгүүллэг, туужуудыг уншиж эхэлсэн. Дараа нь Некрасов, Булгаков, Чехов гэх мэт орос зохиолчдын бүтээлийг судалсан. Ерөнхийдөө би хөгшин номоос эхэлсэн хүн гэж хэлж болно. Одоо би өөрийн бүтээл дээр их Достоевскийгийн үнэрийг мэдэрдэг. Би тэр зохиолчид бүр автаж байсан үе ч бий. Түүний хоёр романд нь бүр гүнзгий орж, нэг туужийг нь хүүхдийн театрт жүжиг болгон бичиж тавьж байсан. Би кино урлагт эргэн долоон жилийн дараа ирсэн. Гэхдээ тухайн үед надад кино урлагт орох орон зай байхгүй байсан. Ямар кино хийж тэр орон зайд орох вэ? гэдэг асуулт чухал байсан. Тэгээд “Адам”  киногоо хийсэн. Тэр кино нь арт кино тухайн үед кино театрт тавигдахгүй, бараг хүн үзэхгүй. "Тэнгис" кино театрынхан долоо хоногт нэг цаг гаргаж, хүмүүс хэл ам хийж байгаад буусан. Гэхдээ дараа нь урлагийн зөвлөл түүнийг Японы фестивальд явуулсан. Тэнд шилдэг киноны ангилалд шалгарсан. Тэр наадамд оролцоход Япончууд найруулагчийг асар шүтэж байсан. Ингээд урлагийн хувьд асар их урам авч, надад итгэл нэмэгдсэн. Одоо би урлагийнхаа ертөнцөд бүрэн орсон үе. Уналт, босолт аливаа уран бүтээлчид ирдэг. Түүнийг тойрч өнгөрч болохгүй. Бодолгүйгээр, зүрх сэтгэлээ зориулж уран бүтээлээ туурвиж байх ёстой.


-Киноныхоо дуу, хөгжмийг хэрхэн сонгодог вэ?

-Би зарим зохиолоо хөгжим сонсож бичдэг байсан ч заримыг нь огт сонсохгүйгээр бичсэн байдаг. Яах вэ, сүнс нь тэр хөгжмийн мэдрэмжийг л авдаг, тэрнээс тэр хөгжмийг шууд кинон дээр тавих гэж байгаа юм биш. Хөгжим заримдаа тухайн киноны агаар, өнгө төрхийг бий болгоход тусалдаг учраас тэр мэдрэмжийг авч бичдэг. “Чимээгүй хотын жолооч” кинонд би Пинк Флойдыг асар их сонссон. Бүр галзууртлаа сонссон. Нэг өрөөндөө хоёр том яригчтай, аймшигтай чангаар тавьж байгаад Пинк Флойдын хөгжмийг сонсож бичсэн. Гэхдээ манай кино ерөнхийдөө хөгжимгүй, ганцхан дуу л оруулсан. Би продюсерт санал тавьж, Пинк Флойдын дууг оруулъя гэж хэлсэн. Продюсер хөөцөлдсөн ч үнэ нь үнэхээр өндөр байсан. Мөн би залуудаа франц дууг их сонсдог байсан. Серж Гейнсбургийн дууг сонсож, монгол хэл дээр дуулж, өөрийн бүтээлд мэдрэмжээ авчирдаг байлаа. Тухайн “Boomerang” гэх дууг сонсоод, бороотой гудамжинд алхаж яваа Мягмарын алхааны дүрийг бодож олсон юм. Эндээс л би тэр дууг кинонд оруулахыг шийдсэн, эрхийг нь авч, мөнгө төлсөн. Ер нь уран бүтээлч, тэр тусмаа найруулагч хүн хөгжмийн мэдрэмжтэй байх ёстой. Кино найруулагч бол нийлмэл урлагтай учир олон салбарыг мэдэрдэг байх шаардлагатай.

 

関連ニュース