Кевин Дюрэнт 90 саяын гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-20 13:21:49

МОСКВА, 2025 оны аравдугаар сарын 20 /РИА Новости/. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ аварга шалгаруулах тэмцээний хошой аварга Кевин Дюрэнт "Хьюстон Рокетс" клубтэй хоёр жилийн хугацаатай 90 сая долларын гэрээ байгуулжээ.  


Тэрбээр NBA-гийн түүхэнд анх удаа 7 клуб оролцсон солилцооны хүрээнд долоодугаар сард “Хьюстон”-д ирсэн юм. Дээрх гэрээг 2027/2028 оны улиралд сунгах боломжтой бөгөөд хоёр жилийн хугацаанд Дюрэнт дээд тал нь 120 сая доллар авах боломжтой байв. Харин клубийн санхүүгийн уян хатан байдлыг хангах, удаан хугацааны түншлэл тогтоохын тулд сагсанбөмбөгч дээрх үнийн дүнг 30 саяар багасган буулт хийжээ.


Ийнхүү Дюрэнт NBA-д тоглох хугацаандаа 598,2 сая долларын орлого олох боломжтой болсноор дээд амжилт тогтоож, “Лос-Анжелес Лейкерс” багийн тоглогч Леброн Жеймсийг /583,9 сая доллар/ гүйцэж түрүүллээ. Эдгээр тоо бол NBA-д тоглосон хугацаандаа хоёр сагсанбөмбөгчний байгуулсан өмнөх хэлцлүүд ба шинэ гэрээний мөнгөн дүн юм.


Өдгөө 37 настай Дюрэнт "Голден Стэйт" багийн бүрэлдэхүүнд NBA-гийн хошой аварга болж, NBA-гийн финалын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор /MVP/ хоёр удаа шалгарч, Бүх оддын тоглолтод 15 удаа оролцжээ. Тэрбээр Олимпын аваргаар дөрвөн удаа шалгарсан түүхэн дэх цорын ганц сагсанбөмбөгчин юм.   

関連ニュース