Бурхан урлаач Ч.Батзориг “Суварга” лекц тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136 @gmail.com
2025-11-16 11:22:23

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан “Суварга” лекцийг Бурхан урлаач Ч.Батзоригтой хамтран  “Монгол бахархал” уриан дор энэ сарын 14-нд зохион байгуулав.

 

Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв маяг бүхий нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг хадгалж хамгаалах, үндэсний оюун санаа, түүх, өв соёл, ёс заншил, уламжлалт арга хэлбэрийг үе дамжуулан өвлүүлэх, зорилгоор тус лекцийг явуулав.

 

Бурханы шашин дахь хамгийн анхны шүтээн нь суварга бөгөөд суваргыг Бурхан багшийн мэндэлсэн, бурхан болсон гэх мэт түүхэн их газруудад тухайн их үйлийн бэлгэ тэмдэг болгон босгож ирсэн байна. Түүнээс гадна ариун газрууд болон бурхан, бодисад, хутагт хувилгаадын адислалыг авахын тухайтад тэдгээрийн шарилд зориулан босгоно. Эгэл төрөлхтний тухайд тэдний гэмийг арилгаж сайн нөлөөллийг нь авч үлдэх, үр удмыг арвижуулах, өвчин зовлонг арилгаж насан уртасгах тэргүүтэн зэрэг төрөлхтөн бүхний хүсэл гориллын тухайтад болон газар хөдлөл мэт аюул гамшгийг арилган зогсоох, муу газрын гэмүүдийг дарахад зориулан суваргыг бүтээдэг байна.

 

Урлахуй ухааны тааллын шүтээний аймагт багтах энэхүү суварга хэмээх шүтээн нь бурханы номын биеийн утгыг илэрхийлдэг. Үүгээрээ суваргын бүтэц, хэлбэр дүрс, хэмжээ чимэглэл , өнгө будаг, доторх тогтоол оршоолго зэрэг нь бурханы номын биеийн бэлгэ чанар юм. 



関連ニュース