Филиппиний нийслэлд олон зуун мянган хүн авлигыг эсэргүүцэн жагсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МАНИЛА, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /DW/. Филиппиний нийслэл Манила хотод үерээс хамгаалах байгууламжийг барихтай холбоотой луйврыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэхээр хэдэн зуун мянган хүн жагсжээ.
Ням гарагт болсон жагсаалд оролцогчид үерийн далангийн дэд бүтцийн төслүүдэд зориулан улсын төсвөөс гаргасан 500 тэрбум песог (7.3 тэрбум орчим евро) завшсан хэмээн буруутгагдаж буй авлигын бүлгийн гишүүдийг шийтгэхийг шаардсан байна.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, “Iglesia ni Cristo” хэмээх христ шашинтнуудын нөлөө бүхий бүлгээс зохион байгуулсан жагсаалд 550 мянга орчим хүн оролцсон байна. Жагсагчид “Шударга ёсыг хэрэгжүүлье!”, “Хуйвалдаан бус ил тод байдал” гэх зэрэг бичигтэй уриа лоозон барьсан байжээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр, уг жагсаал нь авлигын хэргийг эсэргүүцсэн хамгийн том эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд 11 дүгээр сарын 17, 18-нд дахин жагсахаар төлөвлөжээ.
Авлигын дуулианд Ерөнхийлөгч бага Фердинанд Маркосын ойрын хүрээллийн хүмүүс холбогджээ. Мөн барилгыг гүйцэтгэгч хэдэн арван компани, төрийн албан хаагчид, хууль тогтоогчид холбогдсон бөгөөд тэдний дунд Ерөнхийлөгчийн үеэл байгаа ажээ.
Тэднийг үерээс хамгаалах төслүүдийг хэрэгжүүлэхийн оронд хуурамч гэрээ байгуулсан, эсвэл ажлыг шаардлагын дагуу гүйцэтгээгүй хэмээн буруутгаж байна. Мөн төсөвт зарцуулах хөрөнгийг гүйцэтгэгч компаниуд завшсан, улс төрчид болон төрийн албан хаагчид хээл хахууль авсан гэх мэдээлэл гарчээ.
Филиппин нь үер, хар салхи зэрэг цаг агаарын гамшигт үзэгдлүүдэд өртөмтгий улс юм. Арлын тус улс жилд дунджаар 20 удаа халуун орны циклонд өртдөг. Филиппинийг энэ сарын эхээр хамгийн хүчтэйд тооцогдох хар салхи дайрсан билээ.
Ulaanbaatar