“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барьснаар жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч түгээнэ.
НЗДТГ-ын мэдээлснээр, төр, хувийн
хэвшлийн түншлэлийн тухай хуулиар анх удаа хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих
түншлэлийн гэрээг өнгөрсөн сард байгуулсан. Төслийн
гүйцэтгэгчээр Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг
хамгаалах компани шалгарсан. Өдөрт 1500 тонн хог шатаах хүчин чадалтай
үйлдвэрийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд 10 га газарт
барих хөрөнгө оруулалтын хэмжээ 206.5 сая ам.доллар байх аж. Бүтээн
байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэж, 28 жилийн дараа төрд шилжүүлнэ.
Нийслэлийн хэмжээнд гурван төвлөрсөн хогийн цэгт нийлүүлж буй нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Хогийг булж устгахгүйгээр шатаах аргаар эрчим хүч гаргаж авах дэвшилтэт технологи бүхий “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг барих юм. Сүүлийн жилүүдэд “Urban mining” гэдэг ойлголт дэлхийн хотуудад дэлгэрч байна. Энэ нь өмнөх жилүүдэд булсан хогийг буцаан ухаж, шатаан эрчим хүч үйлдвэрлээд байгаль экологио 100 хувь сэргээх ойлголт юм.
Тус төсөл нь Монгол Улсад экологийн чухал
ач холбогдолтой. Шатаах үйлдвэрт зөвхөн Улаанбаатар хотын хог хаягдлыг
шатаагаад зогсохгүй, Төв аймгийн Зуунмод хот, Алтанбулаг, Сэргэлэн сумдын
хогийг үнэ төлбөргүй шатаана. Мөн Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгүүдэд
ойрын 10 жилд дарагдсан хогийг ухаж авч, шатаан байгаль экологио бүрэн
цэвэрлэнэ.

Ulaanbaatar