Лукойлын гадаад дахь хөрөнгийг худалдаж авахаар судалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-18 11:03:30

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /Кazinform/. АНУ-ын эрх бүхий байгууллага хоригт ороод байгаа Оросын газрын тос үйлдвэрлэгч үйлдвэрлэгч “Лукойл” компанитай хэлэлцээ хийх зөвшөөрөл олгосны дараа “Шеврон” компани тус компанийн гадаад дахь зарим хөрөнгийг худалдан авах боломжийг судалж эхэлжээ. 


Оросын компанийн эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ энэ сарын 21-нээс хэрэгжиж эхэлнэ. Харин  “Лукойл”-ын гадаад дахь хөрөнгийг худалдан авах хэлэлцээг 12 дугаар сарын 13 хүртэл хийхийг Сангийн яамнаас Америкийн компаниудад зөвшөөрсөн байна.


Эх сурвалжуудыг эш татан “Reuters” агентлагийн мэдээлснээр, “Шеврон” компани сонирхлыг нь татаж буй "Лукойл"-ын зарим активыг худалдан авахаар судалж байгаа аж.  “Лукойл”-ын гол хөрөнгүүдийн нэг бол Иракийн “Баруун Курна-2” газрын тосны орд газар бөгөөд тус компани уг ордын 75 хувийг эзэмшдэг. “Chevron” өмнө нь Ирак дахь ордуудад хязгаарлагдмал оролцоотой байсан бол энэ оны наймдугаар сард Насирия болон Баладын ордуудыг ашиглах гэрээнд гарын үсэг зурснаар оролцоогоо өргөжүүлжээ. 


Иракийн засгийн газар АНУ, Их Британийн тавьсан хоригийн дагуу "Лукойл"-д хийх төлбөрийг түр зогсоосон тул Оросын компани өнгөрсөн долоо хоногт "Баруун Курна-2" ордод форс-мажорын нөхцөл тогтоосноо зарласан байна.


Иракийн албан тушаалтнуудын мэдээлснээр, дор хаяж гурван компани буюу Хятадын нэг, барууны хоёр компани "Лукойл" холдингийн активыг худалдаж авах сонирхолтой байгаа аж.


Өмнө нь "Лукойл" олон улсын активуудаа худалдахаар төлөвлөж байгаагаа зарлаж байсан билээ.



関連ニュース