АНУ Саудын Арабыг гол холбоотноо болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-19 11:39:33

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /TASS/. Саудын Арабад НАТО-гоос гаднах гол холбоотон улсын статусыг олгож, тус улстай батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах тухай стратегийн хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 


"Цэргийн салбар дахь манай хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Саудын Арабыг албан ёсоор НАТО-гийн бус гол холбоотнуудын тоонд оруулсныг та бүхэнд дуулгахдаа баяртай байна” гэж Америкийн удирдагч Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж, Ерөнхий сайд Мухаммед бен Сальман Аль Саудын Вашингтонд хийж буй айлчлалыг тохиолдуулан Цагаан ордонд зохион байгуулсан оройн зоогийн үеэр үг хэлэхдээ мэдэгджээ. Тэрбээр цааш хэлэхдээ “энэ бол тэдэнд маш чухал” гээд “Би үүнийг өнөөдрийг хүртэл нууц байлгахыг хүссэн тул одоо та бүхэнд мэдэгдэж байна” гэв. 


“Энэ бол та бүхний өнөөдрийн бас нэгэн ялалт мөн” гэж Д.Трамп Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжид хандан хэлэхдээ онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч мөн “батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай түүхэн ач холбогдол бүхий стратегийн хэлэлцээрт талууд дөнгөж сая гарын үсэг зурлаа” хэмээн онцолсон байна. Тэрбээр хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй дурдсангүй. 


НАТО-гийн бус гол холбоотны статусыг бусад оронд олгох нь АНУ-д бусад улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллахад илүү хялбар нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд харилцан хамгаалах үүрэг хүлээх шаардлагагүй байдаг. 


АНУ-аас Саудын Арабад тав дахь үеийн “F-35” сөнөөгч-бөмбөгдөгч онгоцнууд, мөн 300 орчим танк зэрэг их хэмжээний зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж байгаа тухай Цагаан ордон өмнө нь мэдэгдэж байсан юм. 


Саудын Арабын эрх баригчид АНУ-ын засаг захиргаанаас Катарт олгосонтой адил аюулгүй байдлын баталгаа авахыг зорьж байна гэж “Bloomberg” агентлаг энэ сарын эхээр эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ. Катарын нутаг дэвсгэр, тусгаар тогтнол, гол дэд бүтцийн эсрэг аливаа зэвсэгт халдлагыг АНУ-ын энх тайван, аюулгүй байдалд учирч буй аюул занал гэж үзэх тухай захирамжид Д.Трамп өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр гарын үсэг зурсан юм. Ийм халдлага гарвал АНУ-ын засаг захиргаа дипломат, эдийн засгийн болон шаардлагатай тохиолдолд цэргийн арга хэмжээг хүртэл авна. 



関連ニュース