Казахстаны боксчныг World Boxing-ийн тэргүүнээр сонгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-24 06:20:21

МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /РИА Новости/. Казахстаны боксчин Геннадий Головкин олон улсын World Boxing холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.


Ням гарагт Ром хотноо болсон тус холбооны их хурлын үеэр ерөнхийлөгчийг сонгох санал хураалт болоход Г.Головкин цорын ганц нэр дэвшигч байсан бөгөөд тэрбээр одоо 2023 оны 11 дүгээр сараас хойш World Boxing-ийн ерөнхийлөгчөөр ажилласан Нидерландын иргэн Борис ван дер Ворстын оронд тус холбоог удирдах юм.


Өдгөө 43 настай Головкин мэргэжлийн боксын рингэнд 42 ялалт байгуулж, хоёр удаа ялагдаж, нэг удаа тэнцжээ. Боксчны замналдаа тэрбээр Олон улсын боксын холбоо /IBF/, Дэлхийн боксын холбоо /WBA/ болон Олон улсын боксын байгууллагын /IBO/ аваргын бүсийн эзэн болж байв. 2022 оны есдүгээр сард хоёрдахь дунд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга цолны төлөөх сүүлчийн тулаанаа хийж, Мексикийн тамирчин Саул Алварест ялагджээ.  


2004 оны Афины Олимпын наадмын мөнгөн медальт тэрбээр 2024 оны хоёрдугаар сард Казахстаны Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Мөн оны есдүгээр сард World Boxing-ийн Олимпын комиссыг удирдахаар томилогдож, 2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын хөтөлбөрт боксыг оруулах асуудлыг хариуцах болжээ.


Энэ оны хоёрдугаар сард Олон улсын Олимпын хорооноос World Boxing холбоог “дэлхийн хэмжээнд боксын спортыг удирдах олон улсын байгууллага мөн” хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2028 оны Олимпын наадмын хөтөлбөрт World Boxing-ийн ивээл дор боксын спортыг оруулахаар шийдвэрлэсэн байна.   

 

関連ニュース