Биндэр сумын "Сараана" бүлэг зөгийн балаа "Гацуурт" компанид нийлүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-28 10:00:33

Хэнтий аймгийн Биндэр сумын “Сараана” бүлэг өөрсдийн гаргаж авсан зөгийн балаа Монгол хүнд эрүүл хүнс уриатай "Гацуурт" компанид нийлүүлж эхэлжээ.

Тодруулбал тус бүлгийн гишүүдээс Д.Түмэнжаргал, Ө.Батнасан, Ц.Батчулуун, Б.Амгаланбаатар нар нийт 1 тн 500 гр зөгийн балыг тус компанид нийлүүлж эхлэлийг нь тавиад байгаа аж.

Анх Биндэр сумын 8 өрхөөс бүрдсэн “Чанар” ойн нөхөрлөл байснаа “Сараана” нэртэй бүлэг болж, 2010 онд ДЗМОУБ-ын Бор-Өндөр 2 хөтөлбөрийн “Нисдэг сүргийн гайхамшиг” төсөлд хамрагджээ. Төслийн хүрээнд өрх бүр 5 бүл зөгий авч 45 бүл зөгийтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Өдгөө “Сараана” бүлгийнхэн шавь сургаж, бүлгийн гишүүдийн тоо нь 18 болж, өнгөрсөн жилээс хүн бүр ашиг шимийг нь хүртэх болжээ.

Энэ жил тус бүлгийнхэн 240 бүл зөгийтэй, 2 тн гаруй бал авсан байна. Мөн энэ жилээс Монголын Зөгийчдийн нийгэмлэг Гацуурт ХХК-тай гэрээ байгуулж, экологийн цэвэр бүтээгдэхүүн Монгол брэнд Зөгийн бал гарган авах ажлыг эхлүүлж, 10-аад аймгийн 20 орчим аж ахуй нэгжүүдийг хамруулсан байна. Энэ хүрээнд Биндэр сумын “Сараана” бүлгийнхэн ийнхүү Гацуурт компанитай холбогдох болжээ.

Сараана бүлгийнхэн цаашид 500-600 бүл зөгийтэй болж, аж ахуйн хэмжээнд хүрэхийг зорихын сацуу Хэнтий аймгийнхаа экологийн цэвэр бүтээгдэхүүн зөгийн балыг органик брэнд болгон хэрэглэгчиддээ хүргэхийг зорьж байгаа юм байна.

Сонирхуулахад Сараана зөгийн балыг Монгол орны үзэсгэлэнт, хязгаар нутаг болох Хан-Хэнтий болон Онон голын дагуух нуга хөндийд ургадаг зэрлэг цэцэгсээс цуглуулан авдаг бөгөөд дээд зэргийн чанартай, онцлог үнэр нь тус нутгийн хосгүй эмийн болон жимст ургамлаас гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн аж. 6-9 сард тус нутгийн зөгийчид нуга хөндий даган оторлож, хүний хөлд хөндөгдөөгүй газруудад зөгийн бүлээ тээвэрлэн нүүдэллэж, балаа хурааж авдаг байна. Энэ нь нүүдэлчин зөгийчдийн ур чадвар, мэдлэг, ажилсаг чанарыг илтгэн харуулах бүтээгдэхүүн юм.

Д.Одонтунгалаг
 


 


 


 

関連ニュース