Австралид бам өвчин газар авах хандлагатай байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДСИДНЕЙ. /ВВС/. Чийг бам өвчтэй хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдсээр байна гэж Австралийн эмч нар мэдэгдлээ.
Далайн аялагчидтай холбоотой энэ өвчин Сидней хотын баруун дүүргийн “Westmead” эмнэлэгт эмчлүүлж байсан чихрийн шижинтэй долоон өвчтөнд илэрсэн байна.
Чийг бам өвчин нь хоол хүнсэн дэх аскорбины хүчил, витамин C-гийн агууламж хэт бага байгаагаас үүдэлтэй ховор төрлийн өвчин юм.
Профессор Женни Гордон хамгийн сүүлд хөлдөө шархтай өвчтөнийг эмчилж байх үедээ түүнийг чийг бамын өвчтэй болохыг олж мэдсэн байна.
Энэ өвчин урьд өмнөхөөсөө илүү өргөн хүрээнд тархах төлөвтэй байна гэж тэрбээр анхааруулжээ.
Мөн тэрбээр хэлэхдээ “хэрвээ чанар муутай хоол хүнс хэрэглэдэг бол та чихрийн шижинтэй болох магадлал нэмэгдэнэ. Энэ тохиолдлоос бусад тохиолдолд чийг бам өвчин нь чихрийн шижинтэй ямар нэг байдлаар холбоогүй. Иймээс чихрийн шижинтэй хүмүүс тэжээллэг хоол хүнс хэрэглэж байж хэрэгтэй” гэв.
Чийг бамын өвчин гэж юу вэ?
Таны биед витамин С дутагдвал арьс, цусны судас, яс, мөгөөрсөнд нэн чухал шаардлагатай коллагеныг таны бие махбодь боловсруулж чадахгүй болно. Ингэснээр чийг бам өвчин тусах магадлал нэмэгддэг.
Өвчин туссан тохиолдолд бие сульдах, хоолны дуршил муудах, үе мөчөөр өвдөх, амьсгал давчдах, бие хөх няц болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Гэр оронгүй, өндөр настай, замбараагүй хооллодог хүмүүс энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг.
Жүрж, лимон, гүзээлзгэнэ, цэцэгт байцаа, байцаа, спаржа зэрэг нь витамин С-г хамгийн ихээр агуулсан бүтээгдэхүүн учир эдгээрийг хүнсэндээ тогтмол хэрэглэж байх хэрэгтэй.
Д.Нямтулга