Хан хэнтийн шилдгүүдийг “Хаан шонхор”-ын эздээр өргөмжлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙМонгол төр улс оршин тогтнохын тамга нь болсон их түүхийн өлгий нутаг Хан хэнтийчүүд шилдгүүдээ тодруулж, “Хаан шонхор 2016” тэргүүн ёслол зохион байгууллаа.
Улс орны хөгжилд оюуны бүтээлээрээ хөрөнгө оруулалт хийсэн эрдэмтэн мэргэд, тив дэлхийд монгол улсынхаа нэрээр овоглож яваа урлаг спортынхон, төрөлх нутгийнхаа төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа сумдыг тэргүүн ёслолоор өргөмжлөн тодруулж, “Хаан шонхор”-ын эзнээр нэрлэлээ. Нийт дөрвөн номинацид 14 хүн, хоёр нутгийн зөвлөл нэр дэвшсэн юм.
Оны шилдэг оюуны бүтээлээр:
Баянмөнх сумын харъяат, Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор профессор М.Амбага тодорлоо. Түүний “Уламжлалт анагаах ухаан ба Орчин үеийн Анагаах Ухааныг s-NCM цоо шинэ мэдлэгээр холбосон NCM анагаах ухааныг бий болгосон бүтээл” нь Монгол улсад төдийгүй, дэлхийд танигдаад байна.
Оны шилдэг төслөөр:
Баянмөнх сумын харъяат Л.Шаравням захиралтай "Хос бар” ХХК-ийн бүтээн босгосон “Чингис цамхаг” төсөл шалгарлаа.
Оны шилдэг амжилтаар:
Биндэр сумын харъяат, Монгол Улсын Гавьяат Тамирчин, Шатрын Эрэгтэй Олон улсын Mастер, Эмэгтэй Их Мастер, Дэлхийн шатрын холбооны шүүгч Т.Батчимэг тодорлоо. Түүний гаргасан амжилтаас товч дурдвал:
-“GM - Grand Master” буюу (Эрэгтэйчүүдийн ангилалд Их мастер) цолны нормыг биелүүлсэн анхны Монгол эмэгтэй шатарчин,
-Дэлхийн аварга шатарчныг чансаагаар дэлхийн №1 байх үед нь хожсон анхны Монгол хүн
-2013-2014 оны Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын “Гран-При” цуврал тэмцээний оролцогч,
-Дэлхийн шатрын олимпиадад 4 удаа эх орноо төлөөлөн амжилттай оролцсон
-Оюутны багийн дэлхийн аварга,
-Монгол Улсын хошой аварга,
-Монгол Улсын түргэн тоглолтын 4 удаагийн аварга,
-Монгол Улсын оюутны 3 удаагийн аварга,
-Өсвөрийн УАШТ-ий 5 удаагийн аварга
-2016 онд Монгол Улсын Гавьяат тамирчин цолыг хүртсэн юм.
Оны шилдэг нутгийн зөвлөлөөр:
Галшар сум тодорч, “Хаан шонхор” цомын эзэн боллоо. Тус номинацид Баян-Овоо сум мөн өрсөлдсөн юм. Галшарчуудын хувьд энэ жил нутгийн зөвлөлтэйгөө хамтран олон жил хөөцөлдөж, мөрөөдөж ирсэн “Галшарын адууг уналга эдэлгээ, хурдны чиглэлээр Монгол Улсад номер нэгээр бүртгэгдсэн адууны үүлдэр юм аа” гэсэн батламжийг 2016 оны 5 сарын 9-ний өдрийн ХХАА-н сайдын А-86 тоот тушаалаар гардсан түүхэн үйл явдлыг бүтээсэн амжилтаараа ийнхүү шагналын эзэд болжээ.
"Хаан шонхор" ёслолын Бэлгэдэл
Монголчууд шонхор шувууг эртнээс “Тэнгэрийн элч”, мөн “Тэнгэрийн ирвэс” хэмээн билэгдэж ирсэн түүхтэй. Энэ нь түүчээлсээр өнөөдөр дэлхийн 88 оронд үндэсний бахархал болж, түүх соёл, эрч хүч, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзэл болон танигджээ. Энэ дунд Монголын түүхийн их хөлгөн судар “Монголын нууц товчоо”-нд өгүүлснийг онцолбол, Их эзэн Чингис хаан байлдааны тугандаа цагаан шонхорыг сүлд болгон тахиж байсан түүхтэй. Ийнхүү монголчуудын түүхэн уламжлал, шонхор шувууны хурдан шаламгай, дайчин байдлыг нь эрхэмлэж, Хан хэнтийчүүд оны их ёслолоо “Хаан шонхор” хэмээн нэрийджээ.
Д.Одонтунгалаг