Хэнтийчүүд аймгийн "начин" цолтнууддаа хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. XVII жарны "Алтан унжлагат" хэмээх "Гал тахиа" жилийн сар шинийн баярын босгон дээр Хэнтий аймгийн "начин" цолтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо.
Энэ үеэр хүрэлцэн ирсэн 30 гаруй аймгийн Начин цолтнууддаа тус аймгийн удирдлагууд болон сум, орон нутгийнх нь зүгээс хүндэтгэл үзүүлэв. Мөн энэ үеэр аймаг сумын алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан болж, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харъяат, "Энсада холдинг" ХХК-ийн бөх аймгийн "Арслан" Ш.Отгонтөгс түрүүлж, Баянхутаг сумын харъяат аймгийн хурц "Арслан" С.Ариунбилэг үзүүрлэлээ.
Хэнтий аймгийн хэмжээнд 1925 оноос хойш 130 гаруй аймаг, цэргийн начин цолтон төрөн гарснаас өдгөө 87 нь амьд сэрүүн байдаг аж.
Мөн энэ өдөр Хэнтий аймгийн бөхийн холбоо шинэ зохион байгуулалтад орсноо танилцуулж, шинээр сонгогдсон тэргүүн аймгийн Засаг дарга Н.Ганбямбад холбооныхоо тамга, тэмдгийг гардуулан өглөө.
Д.Одонтунгалаг