Автомат тоолууртай айлууд цахилгааны үнийн хөнгөлөлт эдэлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-06 14:31:09
Ховд/МОНЦАМЭ/ Цахилгааны шөнийн тарифаар ухаалаг тоолууртай айл өрх 50 хувийн хөнгөлөлт эдлэх шийдвэр хөдөө орон нутагт ч бас хэрэгжиж байна. Энэ тухай Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн ажилтан Р.Янжмаагаас тодрууллаа.
-Цахилгааны шөнийн тарифыг орон нутагт ямар журмаар, яаж мөрдөх вэ? 
-Эрчим хүчний зохицуулах хорооны энэ оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 254 дүгээр тогтоолоор цахилгааны шөнийн тарифыг орон нутагт буюу аймгийн төв суурин газар мөрдөж ажиллахаар болсон. Энэхүү тогтоолд зааснаар Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон цагийн ялгаварт тоолууртай айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг дараахь тогтоож өгсөн.
-Шөнийн тариф хэдээс хэдэн цагийн хооронд үйлчлэх вэ?
-Орой шөнийн хэрэглээ буюу 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл кВт цаг 77.10 төгрөг байдаг. Үүний 50 хувийг хөнгөлөхөөр журамд заасан байна. Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 бууруулж хөнгөлөлт үзүүлэх юм.
-Хөнгөлөлт эдлэх айл өрхүүд хоёр тарифт тоолууртай байх ёстой гэсэн. Тэгэхээр үүнтэй холбоотой тоолуур шинэчлэх ажил зохион байгуулах уу?
-Ховд аймгийн Эрчим хүчний цахилгаан түгээх төв шөнийн тарифт шилжихтэй холбоотой айл өрхийн судалгаа гаргаж, тоолуур шинэчлэх ажил зохион байгуулж байна.  Ховд аймгийн тухайд Жаргалант суманд амьдардаг айл өрхүүд цахилгааны ухаалаг буюу автомат тоолууртай бол хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм. Ховд хотын хэмжээнд автомат тоолууртай 10.000 гаруй хэрэглэгч байдаг. Ийм тоолуургүй нь ухаалаг тоолуурыг "Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас 85000 төгрөгөөр худалдан авч уг хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.                                                   
           А.Бямбасүрэн
関連ニュース