"Эрүүл шүдний баяр" тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-03-12 13:07:47
Увс /МОНЦАМЭ/. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл маш эрчимтэй явагдаж байгаа тул өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Улаангом сумын тавдугаар цэцэрлэгийн хамт олон 2016 оноос хойш нийт хүүхдүүд болон багш ажиллагсдынхаа шүдийг эрүүлжүүлэх чиглэлд онцгой анхаарч эхэлсэн байна. Энэ хүрээнд хийсэн ажлынхаа үр дүнд тулгуурлан "Эрүүл шүдний баяр"-аа өнөөдөр тэмдэглэлээ.
Тус арга хэмжээнд аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүдийн төлөөлөл, тус цэцэрлэгийн бяцхан сурагчдын эцэг эхчүүд, аймгийн удирдлагууд, боловсрол, эрүүл мэндийн салбарын удирдлагууд оролцож байна. Улаангом сумын тавдугаар цэцэрлэг нь шүд эрүүлжүүлэх ажлын хүрээнд хүүхэд бүрт карт хөтлөн эмчилгээний явцыг тэмдэглэж, Нэгдсэн эмнэлэг болон хувийн эмнэлгүүдтэй хамтран гурван удаагийн үзлэг хийж, шүдний өвчлөлтэй гарсан хүүхдүүдээ ангилан эмчилгээ хийсэн байна. Үүний хажуугаар урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарал хандуулснаар тус цэцэрлэгийн нийт хүүхдүүдийн 90 хувь нь эрүүл шүдтэй болжээ. Эрүүл шүдний баярт хүрэлцэн ирсэн зочдод цэцэрлэгийн эрхлэгч шүд эрүүлжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан бол цэцэрлэгийн багачууд авьяасаа сонирхуулж, шүд угаах дарааллыг танилцуулсан байна.
Тус цэцэрлэгийн зүгээс шүд эрүүлжүүлэх ажилд эцэг эхчүүдээ татан оролцуулсан бөгөөд хуваарийн дагуу эцэг эхчүүд хүүхдүүдээ үе шаттай үзлэг оношлогоонд оруулан өвчлөлийг тогтоон эрүүлжүүлж чаджээ. Цаашид нийт хүүхдүүдээ 100 хувь эрүүл шүдтэй болгохыг зорьж байгаа аж.
Б.Батхүү
関連ニュース