Цэвэр усны эх үүсвэр орчмын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-06-15 10:31:28
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 5-р багт байрлах цэвэр усны 2-р эх үүсвэрийн ойр орчимд айл өрхүүд амьдарч байгаа нь ирээдүйд цэвэр усны эх үүсвэрийн аюулгүй байдалд хурцаар нөлөөлөх эрсдэлтэй гэж үзсэнээр аймгийн ИТХ-аас 180 сая төгрөг шийдвэрлэн эдгээр айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.
Усны эх үүсвэр орчим нийт 26 айл өрх амьдардагаас зарим нь хашаандаа тодорхой барилга байгууламж барьж суурьшлаа бий болгосон тул тухайн иргэдтэй гэрээ байгуулан 9-р багийн нутагт газрын асуудлыг шийдвэрлэснээр айл өрхүүд эхнээсээ нүүж байна.
“Аймгийн төвийн цэвэр усны гол эх үүсвэр дээр айл өрхүүдийг анхнаасаа буулгаагүй бол өнөөдөр ингэж нүүлгэх буулгах асуудал яригдаж, төсөв мөнгө шаардагдахгүй байлаа. Гэвч 2014 онд цэвэр усны байгууламж байгуулагдахаас өмнө эдгээр айл өрхүүд суурьшлаа бий болгосон байсан. Ямартай ч ойрын хугацаанд цэвэр усны эх үүсвэр орчмын газрыг чөөлөлөх ажил үргэлжилж, харилцан тохиролцсоны үндсэн дээр айл өрхүүд түрүүчээсээ газраа чөлөөлж байна” хэмээн Улаангом сумын газрын даамал Ч.Болд-Эрдэнэ хэллээ.
Ийнхүү цэвэр усны 2-р эх үүсвэр дээр дур мэдэн буусан 26 айл өрх аймгийн төвийн хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөө хүссэн хүсээгүй нүүхээс өөр аргагүй байдалд оржээ. Эхний ээлжинд хашаандаа барилга байгууламжгүй айл өрхүүдтэй гэрээ хийж газрыг нь чөлөөлсөн ч хашаандаа суурьшил бүхий байшин барилгатай айл өрхүүд цөөнгүй байна. Эдгээр айл өрхүүдийг хохиролгүй үлдээхийн тулд багагүй төсөв мөнгө шаардлагатай ч аймгийн ИТХ-аас баталсан 180 сая төгрөг хүрэлцэхгүй байгаа аж. Гэвч энэ бүс орчмын газрыг чөлөөлж, айл өрхүүдтэй харилцан тохиролцож, шийдвэрлэхээс өөр аргагүй гэдгийг хариуцсан албан тушаалтан хэлж байв.
Б.Батхүү
関連ニュース