Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

ДОХА, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /Казинформ/. НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) Сар болон түүний орчимд радио холбоо ашиглахтай холбоотой анхны тогтоолыг баталсан тухай “Бильд” (BILD) сонинд мэдээлжээ.
Уг шийдвэрийг тус байгууллагын Доха хотноо болсон бага хурлын үеэр гаргасан байна. Энэхүү тогтоол нь ирээдүйд Саран дээр явуулах судалгаануудад шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлэх, холбооны янз бүрийн системүүд хоорондоо харилцан саад учруулахаас сэргийлэх зорилготой юм.
Ирэх хэдэн арван жилд Сар луу хэдэн зуун удаа судалгааны баг илгээхээр төлөвлөж байна. Сансрын нисгэгчид, сарны гадаргуугаар явагч төхөөрөмжүүд болон тойрог замын аппаратууд хоорондоо төдийгүй Дэлхийтэй мэдээлэл солилцох шаардлагатай болно. Үүний тулд радио давтамж болон техникийн стандартыг нэгдсэн байдлаар зохицуулах хэрэгтэй ажээ.
Саран дээр үүрэн холбооны сүлжээ турших эхний туршилтуудыг хэдийн хийгээд байгаа юм. Тухайлбал, 2025 оны гуравдугаар сард “Нокиа” компани Америкийн буугч төхөөрөмжийн хамт 4G сүлжээний жижиг төхөөрөмжийг Сар луу илгээсэн байна. Уг систем 25 орчим минут ажиллаж, техникийн мэдээлэл дамжуулжээ. Гэвч буугч төхөөрөмж төлөвлөснөөс өөр байрлалд газардсаны улмаас сарны гадаргуугаар явагч төхөөрөмжтэй холбоо тогтоох туршилт амжилтгүй болсон байна.
Европын Сансар судлалын агентлаг Сарны тойрог замд таван хиймэл дагуул байрлуулах “Мүүнлайт” (Moonlight) төслийг боловсруулж байгаа бөгөөд уг сүлжээ нь холбоо харилцаа, навигацын үйлчилгээ үзүүлэх ёстой. Эхний хиймэл дагуулыг 2027 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа бол бүрэн хэмжээний системийг 2030 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин АНУ-ын Сансар судлалын агентлаг (NASA) Саран дээр тав дахь үеийн (5G) холбооны технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна.