Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хотын төвлөрөл, дэд бүтцийн ачааллыг буруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх ажлын хүрээнд хийж буй Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн бүтээн байгуулалтын ажилд 1100 гаруй хүн, 700 орчим техник ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжийн 87 км төмөр замын бүтээн байгуулалт дуусжээ. Төслийн хүрээнд нийт 1279 урт метр гүүрэн байгууламж барьсан бөгөөд уг ажлыг үндэсний таван консорциум гүйцэтгэж дуусгасан байна. Төмөр зам бүрэн ашиглалтад орсноор 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх болон аюултай ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй байх боломж бүрдэх юм. Түүнчлэн нийслэлийн төмөр замын гармуудын хаалтаас шалтгаалан авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 144 минут саатдаг байдал багасна. Өөрөөр хэлбэл, шинэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор гармын хаалтын хугацаа 21-120 минутаар буурч, нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна гэж тооцоолжээ.
Түүнчлэн төмөр замын шинэ сүлжээ бий болсноор Хөшигийн хөндийн бүсийн хөгжил эрчимжиж, Хүннү хотод амьдрах, ажиллах, бизнес эрхлэх орчныг бүрдүүлэхэд чухал суурь тавих тооцоо гарсан байдаг. Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлтийн төмөр зам зэрэг томоохон дэд бүтцийн төслүүд хэрэгжиж байгаа нь Хөшигийн хөндийн бүсийн хөгжил, тээвэр ложистикийн шинэ тогтолцоог бүрдүүлэх чухал ач холбогдолтойг албаныхан онцоллоо.
Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэж, өнөөдөр ойролцоогоор 1.7 саяд хүрсэн бөгөөд хотын төвлөрөл, дэд бүтцийн ачааллыг бууруулахын тулд дагуул хот, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх хэрэгцээ нэмэгдсээр байна.