Аймгийн боловсролын байгууллагын 60 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-09-13 17:33:29
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, Соёл урлагийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн арга хэмжээ энэ өдрүүдэд болж байна. Ойн арга хэмжээ БСУГ-ын гадна талбайд туг өргөх ёслолоор өчигдөр эхэлсэн бөгөөд Маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр үргэлжилсэн юм. Тэрчлэн, эрдэм шинжилгээний бага хурал, боловсрол, соёл, урлагийн салбарынхны нэгдсэн тоглолт, баярын хурал зэрэг арга хэмжээнүүд зохиогдож байна. Ойн арга хэмжээнд боловсрол, соёл урлагийн салбарын үе үеийн ажилчид, ахмадууд, үе үеийн төгсөгчид, ахмад болон гавьяат багш нар оролцож байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Увс аймгийн Ерөнхий боловсролын 30 сургуульд (ахлах-15, дунд-7, бага-6, цогцолбор-2) 17536 хүүхэд суралцаж, 1665 багш, ажилтан ажиллаж байгаа бол 33 хүүхдийн цэцэрлэгт 7030 хүүхэд хүмүүжиж, 598 багш, ажилтан ажиллаж байна. Түүнчлэн, 19 соёлын төв, мэргэжлийн урлагийн гурван байгууллагад 219 хүн ажиллаж, боловсрол, соёлын үйлчилгээг аймгийн ард иргэдэд үзүүлж байгаа аж. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь Стратеги, бодлого төлөвлөлтийн алба, Сургалт, арга зүйн алба, Санхүү, аж ахуй, үйлчилгээний алба гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд төрийн захиргааны 15, төрийн үйлчилгээний 7, нийтдээ 23 төрийн алба хаагч ажилладаг байна.
“Өнгөрсөн оны ажлаараа манай байгууллага аймгийн 22 агентлагийг тэргүүлж, “Аймгийн шилдэг Төрийн захиргааны байгууллага”-аар шалгарсан амжилт гаргасан билээ. Харин энэ жил улсын төрөлжсөн олимпиадад оролцсон багш, сурагчид маань дөрвөн алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртсэн. Тэрчлэн, 2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор манай аймаг 520,6 оноо авч, улсын хэмжээнд 2-р байр эзлэн өмнөх оноос долоон байраар урагшилсан зэрэг амжилтаар бид бүхэн түүхт 60 жилийн ойн баяраа угтаж байна” хэмээн аймгийн БСУГ-ын дарга С.Дашням хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ