Нобелийн Энх тайвны шагналтнууд уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-12-10 15:30:40

ОСЛО. /NHK/. Сири болон бусад улс дахь мөргөлдөөнийг зогсоохын тулд яриа хэлцээ хийхийг энэ жилийн Нобелийн Энх тайвны шагналын эзэд уриалав.

Тунисийн “Үндэсний яриа хэлцээний дөрвөл” бүлгийн төлөөлөгчид өчигдөр Норвегийн нийслэл Осло хотод сэтгүүлчидтэй уулзжээ.

2011 онд “Арабын хавар” хувьсгалт хөдөлгөөн эхэлсний дараа ардчилал нуран унахад ойрхон болоод байсан үед Тунист яриа хэлцээ хийхийг дэмжиж ажилласан хувь нэмрийг нь үнэлэн Тунисийн “Үндэсний яриа хэлцээний дөрвөл”-д Нобелийн Энх тайвны шагналыг олгохоор болсон билээ. Тунисийн бүх нийтийн хөдөлмөрийн холбоо, Тунисийн хүний эрхийн холбоо, Тунисийн үйлдвэр, худалдааны холбоо, Тунисийн өмгөөлөгчдийн холбоо гэсэн иргэний нийгмийн дөрвөн гол байгууллага уг бүлгийг бүрдүүлдэг байна.

Яриа хэлцээ хийхийн ач холбогдол зөвхөн Тунисаар хязгаарлагдахгүй, бүх маргааныг яриа хэлцээгээр зохицуулж болно гэж төлөөлөгчдийн нэг нь мэдэгджээ. Харин өөр нэг төлөөлөгч, “мөргөлдөөнийг зэвсгээр зохицуулахгүй харин ч даамжруулна. Сири, Ливийн мөргөлдөөнийг зохицуулах цорын ганц арга зам бол яриа хэлцээ юм” гэж мэдэгджээ.

Шагнал гардуулах ёслол өнөөдөр Осло хотын зөвлөлийн хуралдааны танхимд болно.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ