Увс аймагт хүний эрх их зөрчигдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-11 20:36:13

Олон Улсын хүний эрхийн өдөр өнөөдөр болж байгааг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний комиссын Увс аймаг дахь ажилтан Я.Хонгорзултай уулзаж тодруулга авлаа.

-Увс аймагт хүний эрхтэй холбоотой зөрчлүүд гарч байна уу?

-Манай аймагт хүний эрхийн чиглэлээр тулгамдсан хоёр үндсэн асуудал байна. Эхнийх нь хөдөлмөрлөх эрхийн зөрчил бөгөөд энэ нь дотроо олон төрөлтэй. Төрийн байгууллагын түвшинд болохоор өөрийнх нь үзэл бодол нийлэхгүй хүнээ төрөл бүрийн хэлбэрээр гадуурхаж, сахилгын шийтгэл ноогдуулж, цалин хөлсийг нь бууруулж, улмаар ажлаас халдаг ийм зөрчил маш их гарч байна. Надад энэ талаар их олон хүн хандаж байна. Энэ нь манай харьяаллын асуудал биш, та шүүх байгууллагад ханд гэсэн зөвлөгөөг би өгдөг. Шүүхдээд, зарим тохиолдолд бүр 3 шатны шүүхийн шийдвэрээр ялаад ирж байхад хуулийн дагуу шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байна. Шүүхийн шийдвэрийг үндсэлээд ажилд нь томилчихоод удалгүй дахиад халаад хаячихдаг. Энэ мэтээр 2 жил явж байгаа хүн олон байна. Мөн шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж ажилд нь авдаггүй, ажилгүй байсан хугацааных нь цалинг нөхөж олгодоггүй, төсөвт мөнгө байхгүй гэдэг шалтгаан хэлээд явж байгаа зөрчил манай аймагт маш их гарч байна. Энэ бол ерөөсөө менежерийн өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой.

-Тодорхой жишээ байвал хэлээч?

-Тухайлбал, Өндөрхангай сумын Байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байсан Х.Баттогтуур, мөн сумын Соёлын төвийн эрхлэгч хийж байсан Б.Долгорсүрэн нар байна. Энэ бол тус сумын ЗДТГ-ын дарга Д.Гэрэлцэцэгтэй шууд холбоотой хэрэг. Үүнээс гадна Наранбулаг сумын Соёлын төвийн эрхлэгч Р.Өлзийбаяр гэж хүн бас шүүхдээд явж байгаа.

  Мөн аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан Х.Уртнасангийн хэрэг байна. Энэ хүнийг шүүхийн шийдвэрийн дагуу буцааж ажилд нь авсан ч саяхан дахиад чөлөөлсөн. Тэгэхдээ нийтлэг үйлчилгээний албаны даргын орон тоог цомхотголоо гээд 6 сарын тэтгэмж өгөөд гаргасан байсан. 

Энэ оны байдлаар манайх 70 гаруй иргэнд хууль зүйн зөвлөгөө өгсний 60 хувь нь хөдөлмөрлөх эрхийн зөрчил байна.

-Өөр ямар тулгамдсан асуудал байна?

-Гэр бүлийн хүчирхийлэл урд оныхоос улам нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд 157 зөрчил гарсан бол энэ оны 11-р сарын байдлаар 160 гараад явчихсан байна. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх зөрчигдсөнтэй холбоотой. Би гэрийн эзэн гээд эрэгтэй нь бүх юмаа зааж, шийдвэрлээд байгаагаас болдог. Мөн архидалт, ажилгүйдэл, ядуурал нөлөөлж байна. Цагдаагийн байгууллагад хандаж байгаа тоо баталгаатай биш. Энэ бол өөрийнх нь биед гэмтэл учруулсан тул цагдаад дуудлага өгсөн хүмүүсийн тоо. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан тохиолдол 3 жил дарааллан гарсан. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах байр манай аймагт нэн яаралтай хэрэгтэй байна. Өнгөрсөн жил гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зөвлөгөөн зохион байгуулсан, ямар ч үр дүн гараагүй.

Саяхан Өмнөговь сумаас гурван хүүхэдтэй, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй аймгийн төвд ирсэн. Ховд аймгийн харъяат эмэгтэй байсан бөгөөд энд ямар ч хамаатан садны хүн байдаггүй. Гэр бүл, хүүхэд хөгжлийн хэлстийн хоёр эмэгтэй мэргэжилтэнтэй хамт тэр хүнийг яах учраа олоогүй. Аймгийн НХҮХ-т хэлэхээр манайх баруун бүсийн ахмадын асрамжийн газар гээд хүлээж авдаггүй. Арга яадахдаа тэр эмэгтэйг хүүхдүүдтэй нь хамт аймгийн Цагдаагийн газрын нэг жижигхэн өрөөнд гурав хонуулсан. Ямар ч мөнгө төгрөг байхгүй, хувцас хунар муутай, ядаж байхад хүүхдүүд нь өлсөөд, уйлаад, хоол нэхээд, үнэхээр хэцүү байсан. Энд байх хугацаанд нь бид нар хувиасаа хоол унд авч өгч байлаа. Цагдаагийнхан болохоор та нар энэ хүнээ авч яв л даа. Бид нар хэрэг шалгах үүрэгтэй болохоос байрлуулах үүрэггүй гээд болдоггүй. Нөхөр нь эхнэрээ зодоод мөрдөнд байдаг. Хэрэг бүртгэлийн ажил дуусаагүй тул гэр лүү нь явуулах боломжгүй. Үндсэндээ тэд гэр бүлээрээ цагдаагийн газарт байрлаж, тэр дотор уйлж майлсан ийм хамгийн их тулгамдсан асуудал сая 10-р сарын сүүлчээр болж өнгөрсөн.

Аймгийн Засаг даргад энэ тухай хэлж, Асрамжийн газарт нэг хоног байрлуулсан. Тэгж байтал нөхрийнх нь хэрэг бүртгэлийн ажил дуусч, гэр лүү нь зардал мөнгийг шийдэж өгч буцаасан байгаа. Анх Өмнөговь сумын хэсгийн төлөөлөгч тэр дөрвийг Улаангомд авч  ирсэн юм. Нөхөр нь одоо сумандаа байцаагдаад явж байгаа.

Хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байртай болчихвол хүчирхийлэл үйлдэгчээс түр зуур холдуулах боломжтой болдог. Нөгөө хүн эрх зүйн хариуцлагаа хүлээгээд, буруугаа ухамсарласны дараа гэр бүлийнхнийг нь гаргахгүй бол болохгүй. Өмнөговь сум руу тэр эмэгтэйг нөхөртэй нь хамт явуулсан, очоод ямар нэгэн юм болчих вий гээд санаа зовоод сууж л байна.

Ийм л хоёр тулгамдсан асуудал манай аймагт байна даа.

Увс аймаг Б.Батхүү

 

 

 

Холбоотой мэдээ