Өршөөлийн хуулиас хойш 100 гаруй жолооч эрхээ хасуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 21:06:52

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Увс аймагт 896 зөрчил бүртгэгдэж, 57,6 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 100 жолоочийн жолоодох эрхийг хассан бол 4 жолооч урсгал сөрсний улмаас эрхээ хасуулжээ. Өршөөлийн тухай хуульд хамрагдаж эрх нь сэргэсэн Увс аймгийн 232 жолооч үнэмлэхээ хүлээж авснаас 8 нь эрхээ хасуулжээ.

Шинэ жилийн баярыг тохиолдуулан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох асуудал мэр сэр гарсаар байгаа аж. Аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас “Согтуу 3” арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 20-оос эхлэн “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг явуулах гэж байна.

“Замын хальтиргаа, гулгаа ихэссэн учир баяр ёслолын үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурдаа хэтрүүлэхгүй, хоорондын зайгаа сайн барьж, замын нөхцөл байдалд хурдаа тохируулж явахыг жолооч нартаа анхааруулж байна” хэмээн аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Замын цагдаагийн газрын ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Дамдинсүрэн мэдээллээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш гарцгүй газраар гарч байгаад машинд шүргүүлсэн нэг иргэнд торгуулийн арга хэмжээ авсан байна. Гарцаар гараагүй явган зорчигч нарт хариуцлага тооцох зориулалт бүхий бэлэн бус торгуулийн машин ирж байгаа бөгөөд удахгүй Улаангом хотноо суурилуулах юм байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ