Хар-Ус нуурын мөс цөмөрснөөс амиа алджээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-16 12:09:33

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр гол нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтайгаар зорчихгүй байх, мал туух, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсаар байтал гол, усанд осолдох явдал гарсаар байна.

Өчигдөр Ховд аймгийн Дөргөн сумын Авгус багийн нутаг Хар-Ус нуурын “Бөөр” гэдэг газарт залуус машинтайгаа цөмөрч, живэн амь насаа алджээ.Ховд аймгийн төвөөс 102 км, сумын төвөөс 10 км-т иргэн О /29 настай, эрэгтэй/, Б /25 настай, эрэгтэй/, нар "39-31 УНЯ" улсын дугаартай “Мазда камель” загварын автомашинтайзорчиж явахад нь Хар-Ус нуурын мөс цөмөрч живсэн байна. Мэдээллийн дагуу  аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, орон нутгийн 25 иргэн эрэлд гарч нуурын эргээс нэг км зайд иргэн О-г осгож нас барсан байсныг олжээ. 25 настай  Б-ийн цогцсыг мөсөн дорхи уснаас гарган цагдаагийн  байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөс цөмөрсөн хэсэгт нуурын усны гүн дөрвөн метр, мөсний зузаан 15-18 см орчим байжээ. Залуус  нуурын эргээс 500 метр орчимд осолдсон байна.

Онцгой байдлын байгуулагууд энэ онд гэнэтийн осол аваар, гамшигт үзэгдлийн улмаас  эрэн хайх, аврах ажиллагааг улсын хэмжээнд  459 удаа явуулж,  823 хүний амь насыг аварчээ. Харин 108 хүн нас аврагдаж амжилгүй барсан байх юм. Хүйтэрснээс хойш гол, нуурын мөс цөмөрч автомашин живсэн, суусан тохиолдол 13 удаа бүртгэгджээ. Арванхоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-25 см нэмэгдсэн байна. Гэвч нуур болон голын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр гол нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтайгаар зорчихгүй байх, мал туух, авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ