ОХУ батлан хамгаалах салбарт танк болон зэвсэг техник өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-16 13:24:30

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас манай Зэвсэгт хүчинд цэрэг-техникийн тусламжийн хүрээнд нийлүүлж буй зэвсэг, байлдааны техникийн зарим хэсгийг хүлээн авах арга хэмжээ  энэ сарын 09-ний өдөр Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад болсон юм.

Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Д.Номт, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Орос Улс өнгөрсөн зууны эхнээс бидэнтэй цэргийн ойр дотно харилцаатай байж, зэвсэглэл техникээр төдийгүй Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олох, баталгаажуулах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад цэргийн болон цэрэг-техникийн тусламж үзүүлсээр ирсэн дайчин уламжлалтай. Өнөөдөр манай хоёр орон стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ жил Аугаа их Эх орны дайны ялалтын болон 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг хамтарч тэмдэглэсэн, хоёр улсын зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Сэлэнгэ-2015” сургуулийг ОХУ-ын нутагт амжилттай явуулсан. ОХУ-аас энэ онд хоёр дахь цуваа болгон ирүүлж байлдааны техникийг хүлээн авснаа Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлэв. Т-72 танкийн түлхүүрийг  Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр гардан авав. ОХУ-ын Батлан хамгаалах яамны тусламжийн Т-72 танкийг Оросын Зэвсэгт хүчин байлдааны дадлага, сургуулилтад түлхүү ашигладаг байна.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ