Цагаан-Үүрт ойн цэвэрлэгээг эрчимжүүлэхгүй бол бэлчээрийн хомсдолд орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 15:19:28

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд ойн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэхгүй бол мал сүрэг бэлчээрлэх газар хомс болж байгаа гэнэ.

Цагаан-Үүр нь аймгийн төвөөс 170 гаруй км-ын зайнд алслагдсан сумын нэг бөгөөд газар нутгийн ихэнх хэсгийг өндөр уул, ой мод, гол мөрөн эзэлдэг малын бэлчээр харьцангуй бага сум юм. Тус сум нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ойн цэвэрлэгээ хөтөлбөрт хамрагдсан 8 сумын нэг бөгөөд аймгийн ИТХ-аас энэ онд 30 мянга орчим метр куб мод цэвэрлэхээр баталсан боловч компани аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал хүрэлцээ хангамжгүйгээс ойн цэвэрлэгээг хангалтгүй хийжээ. 

Тус аймагт ой цэвэрлэх үйл ажиллагааны чиглэл бүхий мод бэлтгэлийн 66 мэргэжлийн байгууллага, 296 нөхөрлөл, аж ахуйн нэгжүүд  үйл ажиллагаа явуулж байгаа боловч Цагаан-Үүр сум нь аймгийн төвөөс алслагдсан учраас хүндрэлтэй байдаг гэнэ. Харин нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлснээр  ойн сангийн зөв зохистой хэрэглээ сайжирч модыг хаягдалгүй ашиглах, орон нутагт импорт орлох экспортод чиглэсэн бүтээгдэхүүний тоо нэмэгдэх ач холбогдолтой ажээ.

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ