С.Янжиндулам: Өнгөрсөн жил анги өгсөж олимпиадад ороод түрүүлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 09:57:44

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины газраас “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 19 дэх жилдээ зохион явуулж саяхан дүнгээ гаргасан билээ.

Энэхүү уралдаанд Увс аймгийн Цогцолбор 1-р сургуулийн 12в ангийн сурагч С.Янжиндулам тэргүүн байр эзэлсэн юм. Сурагч С.Янжиндуламтай уулзаж энэ талаар ярилцлаа.

-“Монголын сайхан бичигтэн” болсонд баяр хүргэе. Ямар шалгуурыг давж энэ амжилтанд хүрсэн бэ?

-“Хүмүүн бичиг” сонины газраас өгсөн удирдамжийн дагуу тодорхой сэдвийн дагуу эх зохиож бичээд материалаа явуулсан чинь эхний 10 хүүхдийн тоонд багтсан. Тэгээд Улаанбаатар хотод очиж өөрийн биеэр шалгалт өгсөн. Хичээнгүй сайхан бичихээс гадна монгол хэл, бичгийн болон зөв бичгийн дүрмийн мэдлэгийг давхар шалгасан. Дөрвөн хүүхдийг тэргүүн байр, 5-6-д орсон хүүхдүүдийг гуравдугаар байр гэж эзлүүлсэн. Миний хувьд МУБИС-ийн монгол хэл, уран зохиолын багшийн ангид 4 жил үнэ төлбөргүйгээр суралцах эрхийн бичгээр шагнууллаа. Багш болохыг мөрөөддөг бөгөөд энэ мөрөөдлөө биелүүлэх нэг шат ахисандаа баяртай байна. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд анх удаагаа оролцсон.

-Монгол бичгийг хэддүгээр ангиасаа эхлэж сурсан бэ?

-Дөрөвдүгээр ангид ороход манай бага ангийн багш Б.Солонго монгол бичиг маш сайн зааж өгч эхлэлийг нь тавьсан. Түүнээс хойш Д.Баасанхүү багшаараа заалгасан. 2014 оноос эхлэн М.Мягмаржав багшийн удирдлага дор бэлдэж байгаа. Өнгөрсөн жил аймгийн Монгол бичгийн олимпиадад 11-р ангийнх мөртлөө анги өгсөж 12-р ангийнд ороод түрүүлж алтан медаль авсан. Улсын олимпиадад заавал 12-р ангийн хүүхэд явна гэхээр нь аав ээжээрээ зардлаа даалгаж Улаанбаатар хотод очоод Чой.Лувсанжавын нэрэмжит монгол бичгийн олимпиадад 2-р байр, уншихын олимпиадад 5-р байр эзэлсэн. Улаанбаатар хотод монгол бичиг үсгийн баяр жил бүрийн 5-р сард болдог, тэр үеэр маш олон нэрэмжит олимпиадууд болдог юм.

-Үе тэнгийнхэндээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Монгол бичиг бол монголчууд бидэнд эрт дээр үеэс уламжилж ирсэн сайхан бичиг. Энэ соёлоо түгээн дэлгэрүүлэхийн тулд маш сайн судлаж, сурах хэрэгтэй. Монгол бичгийн уран бичлэг, бийрийн бичлэг, эвхмэл бичиг, барын бичиг, таталган бичиг гээд маш олон төрөл байгаа. Тэр бүхнийг сурахыг хичээж ажиллаж байна.

-Амжилт хүсье.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ