Сирийн 470 мянган иргэн амь үрэгдэж, шархаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-12 12:40:14

ДАМАСК. /Anadolu/. Сирийн иргэний дайнд тус улсын нийт иргэдийн 12 хувь нь амиа алдаж, шархадсан байна гэж Сирийн Бодлого судалгааны төв тайландаа дурджээ.

Өчигдөр гарсан уг тайлангаас үзвэл, тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа Сирийн иргэний дайнд 470 мянга орчим сири амиа алдаж, 1 сая 900 мянган орчим хүн шархадсан байна.

Мөн Сирийн дэд бүтэц, эрүүл мэндийн тогтолцоо бараг устсан бөгөөд нийт амиа алдагсдын 400 мянга орчим нь хүчирхийллийн улмаас амиа алдсан бол 70 мянга орчим нь өвчин, ариун цэврийн асуудал болон өлсгөлөнгийн улмаас нас барсан байна гэж судлаачид мэдэгдэв.

Бүслэлт, мухардмал байдалд орсон сиричүүдийн тухай статистик мэдээллийг НҮБ 18 сарын өмнөөс цуглуулахаа больсон байна.

Сирийн Бодлого судалгааны төвийн уг тайланд, тус улсын иргэдийн дундаж наслалт 70-аас 55.4 болж буурсан тухай мөн дурджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ