ГОВЬ-АЛТАЙ: Чандмань суманд цахилгааны хоёр тарифт тоолуурын шинэчлэл хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-11-05 09:26:25

Есөнбулаг 2025 оны 11 дүгээр сарын 5 МОНЦАМЭ/. “Алтай-Улиастайн эрчим хүчний систес” ТӨХК-иас Чандмань суманд цахилгааны хоёр тарифт тоолуурын шинэчлэл хийнэ. 


Чандмань сумын Засаг дарга Б.Эрдэнэ-Очир “АУЭХС” ТӨХК-ийн захирал Б.Цэдэвсүрэнтэй уулзаж, сум орон нутгийн цахилгаан хангамжийн өнөөгийн байдал болон тулгамдсан асуудлын талаар санал солилцов. 


Уулзалтын үеэр Чандмань сумын айл өрх, хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг найдвартай, үнэн зөв хэмжих, хэрэглээг оновчтой тооцоолох зорилгоор өдөр, шөнийн тарифтай 370 ширхэг электрон тоолуурыг энэ сардаа багтаан суурилуулах шийдвэрийг гаргалаа.


Ингэснээр хэрэглэгчид цахилгааны хэрэглээг хоёр өөр тарифаар буюу өдөр ба шөнийн хөнгөлөлттэй үнээр тооцуулах боломж бүрдэхийн зэрэгцээ эрчим хүчийг хэмнэх, зардлыг бууруулах ач холбогдолтой юм.


Үүний сацуу уулзалтын үеэр цахилгаан эрчим хүчний найдвартай байдал, шугам сүлжээний засвар үйлчилгээ, хангамжийн тасралтгүй байдлыг хангах зэрэг бусад тулгамдсан асуудлуудад анхаарч, үе шаттайгаар шийдвэрлэн ажиллахаа илэрхийллээ.


“АУЭХС” ТӨХК-ийн зүгээс сумдын хэрэглэгчдийн тоолуурын шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж цаашид бүх суманд энэхүү шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна хэмээлээ.

Холбоотой мэдээ