Өр үүссэний улмаас орон сууцны айлууд халаалтаа авч чадахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Улаангом сумын айл өрх, байгууллагыг ус, дулаанаар хангадаг "Шинэ дулааны II станц" 2018-2019 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулж энэ сарын 15-наас хэрэглэгчдийг халаалтаар хангаж эхэлсэн ч дулааны өр төлбөртэй орон сууцнууд, аж ахуйн нэгж байгууллагуудад хязгаарлалт хийж, өр төлбөрөө төлж барагдуулаагүй нөхцөлд дулаанаар хангах боломжгүй гэдгийг мэдэгдээд буй.
Тухайлбал, өнгөрсөн жилийн халаалт, хэрэглээний халуун ус болон энэ зуны халуун усны төлбөрт хэрэглэгчдээс нийтдээ 200 гаруй сая төгрөгийн өр авлага үүсчээ. Үүний улмаас станцын өвөлжилтийн бэлтгэлийг хангахад мөнгө санхүүгийн дутагдалд орж хүндрэлтэй нөхцөл байдал учраад байгаа талаар албаны хүн тодотгов.
Өнөөдрийн байдлаар дулааны өр төлбөртэй 11 аж ахуйн нэгж байгууллага, 44 орон сууцанд дулааны хязгаарлалт хийсэн бөгөөд өр төлбөрөө барагдуулсан зургаан байранд халаалт өгчээ. Хязгаарлалт хийхдээ цөөн хэдэн айлын дулааны өр төлбөрийн асуудлын улмаас тухайн байрыг нийтэд нь хамруулж байгаа нь төлбөрөө төлсөн айл өрхүүдийн эрх ашгийг хохироож байгаа аж.
"Зарим хэрэглэгчид дулааны төлбөрөө цаг тухайд нь төлөхгүй байгаагаас үүдэж станцын үйл ажиллагаанд санхүүгийн бэрхшээл учраад байгаа. Үндсэндээ орон сууцны айл өрхүүдээс 117 орчим сая төгрөгийн авлага үүсээд буй бөгөөд орон сууцанд амьдардаг айл өрхүүд дулааны өр төлбөртэй айл өрхүүдээ шахаж шаардан ойрын хугацаанд өр төлбөрөө төлж барагдуулж үйлчилгээгээ авах хэрэгтэй. Бид орцнуудын хаалган дээр айлуудын номерийг өр төлбөртэй нь бичиж нааж байна” гэж "Шинэ дулааны II"станцын дарга Ю.Сайнжаргал ярив.
Б.Батхүү