Баруун-Урт сумын иргэд нүүн шилжих дадлага хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/.Сүхбаатар аймагт болж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт хоёр дахь өдрөө Баруун-Урт сумын иргэд аюулгүй цэг рүү нүүн шилжих дадлага ажлын хүрээнд явагдаж байна. Баруун-Урт сум 21 мянга гаруй хүн амтай. Үүнээс 18 мянга орчим нь сумын төвд, үлдсэн 2000 иргэн хөдөөгийн багт оршин суудаг.
Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарсанаас хойш иргэд 45 минутын хугацаанд багтан аюулгүй цэгт очих ёстой. Аюулгүй цэг нь сумын төвөөс 1,5 км, хамгийн холын цэгээс гурван километрт байрлаж байгаа юм.
“Бид хэд хоногийн өмнө иргэд нүүн шилжих дадлага сургуулийг хийсэн. Үүнд Баруун-Урт сумын 14 мянга орчим иргэн хамрагдсан. Өнөөдрийн нүүн шилжих дадлага сургуульд иргэд маш идэвхитэй, өмнөх дадлагаас илүү сайн оролцож байна. Үр дүн ч мэдэгдэж байна. Гамшиг осол хэлж ирдэггүй. Хэрэв гамшиг блсо тохиолдолд иргэн өөрийн амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах мэдлэгтэй байх нь чухал. Гамшиг ослоос урьчилан сэргийлэх, шаардлагатай үед өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах чиглэлээр ухуулга сурталчилгааг бид бүтэн нэг сарын турш зохион байгуулсан.
Өнөөдрийн нүүн шилжих ажиллагаанд оролцсон иргэдийн хувьд харъяа баг дээрээ очиж бүртгүүлэх ёстой, мөн сургуулийн удирдагч болон аймгийн Онцгой комиссын дарга буюу аймгийн Засаг дарга иргэдэд хандаж мөн л гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн ач холбогдлын талаар яриа таниулга хийж байна” гэж аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Т.Энхбаатар хэллээ.
Нүүн шилжих ажиллагаанд цэцэрлэгийн хүүхдүүд болон, ерөнхий боловсролын сургуулийн нэгээс тавдугаар ангийн сурагчид хамрагдаагүй. Тэд сургууль, цэцэрлэгийн удирдлага болон багш нарын заавраар өөрсдийн байрны гаднах аюулгүй цэгт байрлаж байгаа юм.
Т.Одончимэг