Бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт иргэд, ААН байгууллагууд идэвхтэй оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2018-10-13 14:10:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохиож байна. Энэхүү арга хэмжээг 2010 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. НЗД-ын 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай хот болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлнэ гэсэн байдаг. Тиймээс уг арга хэмжээнд Нийслэлийн төр захиргааны байгууллагууд болон  ААН, иргэд өргөнөөр оролцож байна. 

 Жил бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьдаг бол энэ жил гурван газарт мод тарьж байна. “Монгол наадам” цогцолбор, цэвэрлэх лагийн талбайд УСУГ-ын зохион байгуулалттай мод тарьж байна. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд чирэгдэл учруулахгүйн тулд дүүрэг бүрт  энэ  арга хэмжээ болж байгаа бөгөөд  үзэсгэлэн худалдаа ч нээн ажиллуулж байна хэмээн Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа мэдээллээ. 

2010-2017 оны хооронд нийт 2 сая 22 мянган мод тарьсан байдаг,  эргээд арчилж, хамгаалан ургуулах нь хамгийн том ажил. Тэгэхээр иргэд тарьсан модоо цаашид байнга арчилж хамгаалан ургуулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. 


Мод тарьснаар ногоон байгууламж нэмэгдэхээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэх, хөрсний бохирдол, хүнд металлуудыг задлах зэрэг маш  ач холбогдолтой. Тэр тусмаа нэг га ой мод 18 сая шоо метр агаар цэвэршүүлж, утааны 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл өөртөө барьдаг чанар нь хүн амын төвлөрөл ихтэй нийслэл хотын орчны бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ