Төрүүлсэн хүүхдээ хаядаг явдлыг хуулийн зохицуулалтаар хазаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-14 15:45:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хуульчилснаар бүх нийтэд тэгш хүртээмжтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ гэдгийг салбарынхан онцолж байна. 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн  яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран  Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийсэн юм.


Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Хүүхдийн эндэгдлийн талаарх сүүлийн жилүүдийн тоо баримтыг танилцуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгааг онцлов.

Мөн үеэр эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр Монгол Улс амжилттай ажиллаж байгааг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара тодотгосон юм.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн: “Эх, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг дэмжих, эрүүл мэндээ хамгаалахад энэ хууль үйлчилнэ. Тодруулбал иргэн, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах хөшүүргийг бий болгох, эхчүүдийн халамжийг илүү өгөөжтэй болгох зэрэг асуудлыг зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр салбарын мэргэжилтнүүд тунхагийн шинжтэй бус урт хугацаанд үр дүнтэй хэрэгжих хуулийн төсөл боловсруулах нь чухал гэдэгт санал нэгдэв.

Төрүүлсэн хүүхдээ хаядаг, хэт олон хүүхэд төрүүлж, хүүхдийг үл хайхрах, хүсээгүй жирэмслэлтээр үр хөндүүлдэг зэрэг явдлыг хуулийн зохицуулалтаар хазаарлаж, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байв. Мөн өрхийн эмнэлгүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд эрүүл мэндийн анхан шатны нэгжид хүүхдийн эмч ажиллуулах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байв.

Холбоотой мэдээ