АНУ Оросын хоёр компанид хориг арга хэмжээ авав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-21 11:01:20
ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ Оросын хоёр компанид хориг арга хэмжээ авсан байна. Тус компаниудыг Ираны нефтийг Сирид нийлүүлсэн гэж үзэж байгаа тухай Америкийн Сангийн яам мэдээлжээ.

Хориг арга хэмжээнд "Промсырьеимпорт" нэгдсэн үйлдвэр, "КГК" /англи нэр нь Global Vision Group/ ХХК гэдэг хоёр компани өртсөн байна. Үүнээс гадна, “Tadbir Kish” компани болон “Промсырьеимпорт" нэгдсэн үйлдвэрийн орлогч захирал Андрей Догаевыг оруулаад зургаан хүнийг хоригийн жагсаалтад оруулжээ.

Ираны нефтийг Сирид нийлүүлэх ажлын гол зохион байгуулагч нь тус улсын иргэн Мохаммед Амер аш-Швики болон түүний Орост байрладаг “Global Vision Group” компани гэж үзэж байгаа аж.

АНУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалын төлөөлөгчийн онцлон хэлснээр, “Иран-Оросын сүлжээний” ачаар Сирийн Засгийн газар Иранаас олон сая торх нефть авч байгаа бол Ираны хувьсгалыг хамгаалагчдын корпус, мөн ХАМАС, “Хезболлах” хөдөлгөөн Сириэс хэдэн зуун сая ам.долларын санхүүжилт авч байна. Сирид нууцаар нефть нийлүүлж буйгаа мэдэгдэхгүйн тулд “GPS” бүхий хөлөг онгоцуудаар тээвэрлэдэг гэж тэрбээр мэдээлжээ.
Түүний хэлснээр, Ираны Төв банк Сирид нефть нийлүүлэхийг дэмжихийн тулд Орост их хэмжээний мөнгө шилжүүлэхэд шууд оролцсон байна. Үүний тулд Иран эм хэрэгсэл зэрэг хүмүүнлэгийн хэрэгцээт барааны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг ашигладаг аж.

“Хууль бус худалдаа явуулахад хагас хүмүүнлэгийн байгууллагуудыг” ашиглахыг АНУ тэвчиж чадахгүй гэж Засгийн газрын төлөөлөгч нэмж хэлжээ. “Ираны Төв банк болон тус улсын төрийн бусад байгууллага, албаны хүмүүс байгалийн баялгаа Сирид терроризм, цус асгаруулсан хүчирхийллийг бараг өдөр бүр ивээн тэтгэхэд ашиглаж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Үүнээс гадна, АНУ-ын Сангийн яам 16 хөлөг онгоцны жагсаалтыг нийтэлсний дөрөв нь Оросынх байна. Эдгээр хөлөг онгоц 2016-2018 онд Ираны нефтийг Сирид нийлүүлэхэд оролцсон гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа аж.

Ираны цөмийн хөтөлбөрийн тухай гэрээнээс АНУ гарч буйг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн билээ. Тэрбээр Тегераны эсрэг тогтоосон бүх хоригийг, мөн хоёрдогч буюу Ирантай хамтран бизнес явуулдаг бусад оронд тогтоох хязгаарлалтыг сэргээж буйг мэдээлсэн.

Ираны эсрэг тогтоосон хоригийн эхний хэсгийг наймдугаар сарын 7-нд сэргээсэн бөгөөд гол зорилго нь Ираны нефтийн экспортыг тэглэх гэдгийг Вашингтон мэдэгдээд худалдаж авахгүй байхыг уриалсан юм.

Ираны нефтийн экспортод авсан АНУ-ын нэмэлт хориг арга хэмжээ 11 дүгээр сарын 5-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Гэхдээ Вашингтон нефтийн хориг арга хэмжээнээс Хятад, Энэтхэг, Итали, Грек, Япон, Өмнөд Солонгос, Тайвань болон Турк улсыг түр хугацаанд хассан юм.


Холбоотой мэдээ