СЗХ: Хамтын ажиллагааг үр ашигтай, хүртээмжтэй болгоно

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2018-12-06 12:20:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үнэт цаасны зах зээлээс эхлээд санхүүгийн салбарт оролцогсдын хувьд үйл ажиллагааны идэвхжил, хариуцлага, шаардлага өндөрсөж буйг СЗХ-ны дарга С.Даваасүрэн өнөөдөр тус байгууллагаас мэргэжлийн холбоод болон ТББ-уудтай хамтран ажиллах гэрээ байгуулах үеэр чухалчилж байв.  

Тэрээр, “Өнөөгийн нөхцөлд хууль эрхзүй, эрхзүйн кодоос аваад компанийн засаглалыг сайжруулах зэрэг олон талт үйл ажиллагаанд хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгтэй болж буй”-г онцолсон юм.

Ингэхдээ одоо санхүүгийн зах зээл дэх тогтвортой хөгжлийг хангахад чиглэж, хамтын ажиллагааг санхүүгийн зах зээлд оролцогч иргэд, байгууллагаас эхлээд тэдэнд үр ашигтай, хүртээмжтэй болгоход талууд анхаарах ёстойг хэлж байв.



Хамтран ажиллах гэрээнд СЗХ-г төлөөлж дарга С.Даваасүрэн, Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн нар Монголын Хуульчдын холбоо, ХАА-н гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын холбоо, Компанийн засаглалын хөгжлийн төв, Монголын Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэг зэрэг байгууллагын удирдлага, төлөөлөлтэй гарын үсэг зурав.

Тодруулга: Өнөөдрийн байдлаар манай улсын хөрөнгө, санхүүгийн зах зээлд Монголын Даатгагчдын холбоо, Хүртээмжтэй даатгалын хөгжлийн хөтөлбөрийн сүлжээ, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын хадгаламж эзэмшигчдийн холбоо, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Банк-санхүүгийн академи, Монголын Дотоод аудиторуудын институт зэрэг 20-иод мэргэжлийн холбоо, ТББ үйл ажиллагаагаа явуулж байна.



Б.Болд

Холбоотой мэдээ