Д.Трамп BBC-гийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-11-15 10:12:46

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 15 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь хэлсэн үгийг засварлаж цацсантай холбогдуулан BBC корпорацын эсрэг ирэх долоо хоногт хуулийн арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Тус корпорац болсон хэрэг явдалд хүлцэл өчсөн боловч нөхөн төлбөр олгохоос татгалзсан юм.


Д.Трамп баасан гаргийн орой “Air Force One” онгоцонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлэхдээ, бид ирэх долоо хоногт шүүхэд хандаж, тэднээс 1-5 тэрбум ам.долларыг нэхэмжлэх болно гэсэн байна. BBC мэдэгдэхдээ, 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр түүний хэлсэн үгийг засварласан нь “Ерөнхийлөгч Трамп хүч хэрэглэсэн үйл ажиллагаанд шууд уриалсан гэсэн буруу ойлголтыг санамсаргүйгээр төрүүлсэн” гэсэн юм. Тийнхүү BBC хүлцэл өчсөн боловч нөхөн төлбөр төлөхгүй гэж мэдэгдсэн байна. 


Энэхүү маргаан нь BBC-гийн Ерөнхий захирал Тим Дэйви, мэдээний албаны дарга Дебора Турнесс нарыг огцроход хүргэсэн юм. Д.Трамп хууль ёсны арга хэмжээ авах төлөвлөгөөнийхөө талаар сэтгүүлчдэд хэлэхдээ, “Би үүнийг хийх ёстой гэж бодож байна. Тэд хууран мэхэлсэн. Тэд миний амнаас гарсан үгсийг өөрчилсөн” хэмээн ярьжээ. Тэрбээр энэ асуудлыг Ерөнхий сайд Кир Стармертай хэлэлцээгүй байгаа боловч амралтын өдрүүдэд түүнтэй утсаар ярина хэмээн хэлсэн байна. 


BBC хийсэн үйлдэлдээ хүлцэл өчиж, нөхөн төлбөр төлөхгүй бол тус корпорацаас 1 тэрбум ам.доллар нэхэмжилнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн өмгөөлөгч нар энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм. Шүүхийн мэдээллээс үзэхэд одоогийн байдлаар шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй байна. Нэхэмжлэл гаргах магадлалтай Флорида муж улсын холбооны болон муж улсын шүүхүүд амралтын өдрүүдэд хаалттай байх ажээ. 


Холбоотой мэдээ