“Щелькунчик” бүжгийн жүжиг амралтын өдрүүдэд үзэгч дүүрэн өнжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын тайзнаа энэ амралтын өдрүүдэд “Щелькунчик” балетыг хоёр удаа тоглолоо. Жил бүр хүсэн хүлээдэг болсон энэхүү бүжгэн жүжгийг гэр бүлээрээ, анги хамт олноороо үзэх нь нэмэгджээ.Германы зураач, хөгжмийн зохиолч Е.Т.А.Хоффманнын 1815 онд туурвисан “Самар цөмөгч” зохиол нь дэлхийн шилдэг үлгэрийн тоонд зүй ёсоор багтдаг. Энэ үлгэрээс сэдэвлэн Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский 1892 онд “Щелькунчик” балетыг бичжээ. Энэ балетыг Орос, Европ, Америк гээд дэлхийн бүх театрууд жил бүрийн зул сарын баяраар тоглодог. УДБЭТ-ын тайзнаа “Щелькунчик” балетыг анх 1982 онд тоглож байсан түүхтэй. Балетын үйл явдал 18 дугаар зууны сүүлийн Германы нэг жижигхэн хотод болно. Шинэ жилийн баярт зориулан үлгэрийн баатрууд амилсан ид шидийн гайхамшигт ертөнцөд сонгодог бүжгийн хэмнэлээр Ханхүү, Маша хоёртой аялахдаа үзэгчид уйдсангүй.