Хятадын эдийн засгийн өсөлт, сааралтын хүчин зүйлүүдийг нэрлэжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2018-12-19 15:08:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Хятадын Ардын банкны ерөнхий эдийн засагч Ма Жуны тэмдэглэж байгаагаар тус улсын эдийн засагт ажиллах хүчин буурч, байгалийн бохирдлоос болж эдийн засгийн төлөв байдал саарах хандлагатай байгааг онцолжээ.

Аливаа улс орны эдийн засаг өсч, буурах нь түүнд нөлөөлөх хүчин зүйлсээс ихээхэн хамааралтай байдаг. Үүний адил урд хөрш БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөд эдийн засгийн бүтэц, хүний хүчин зүйл, боловсрол, зуршил зэрэг олон хүчин зүйл нөлөөлж ирснийг эрдэмтэн судлаач, шинжээчид онцолж байна. Нэгд, эдийн засгийн бүтцийн хувьд төр хувийн хэвшил, хоршооллын гэсэн холимог шинж чанартай байна. Үүн дээр төрийн зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэж байна. 


Эдийн засгийн хувьд бүсчилсэн хөгжлийн төв буюу үйлдвэрийн бүсүүдийг түлхүү хөгжүүлж ирэв. Хүний хүчин зүйлийн тухайд Күнзийн соёл, суртахуунаар хүмүүжсэн 1.39 тэрбум хүн ам зонхилж, боловсролын хувьд мөн эрдэм мэдлэгийг чухалчлах сэтгэлгээ хүчтэй давамгайлан нөлөөлж, өдгөө БНХАУ-д 2553 их, дээд сургууль бүртгэлтэй байгаагаас төгсөгчдийн 40 хувь нь инженер техник, шинжлэх ухаанаар мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэн гаргаад байна.


Гэвч Хятадын эдийн засагт өнөөдөр хэрэглээ давамгайлсан үйлдвэрлэлээс үйлчилгээний салбарт шилжих “нүүдлийн” үйл явц өрнөж, Компанийн засаглал хоцрогдсон төрийн өмч зонхилсон үйлдвэр, ААН-үүдэд бүтцийн өөрчлөлт бүхий шинэчлэл явагдаж, бүтээн байгуулалтаас илүү байгалийн бохирдолд хөрөнгө илүү зарцуулах байдлаар БНХАУ-ын эдийн засаг “шинэ” өөрчлөлтөд орж байна.


Өнөөдөр Хятадын эдийн засаг үйлдвэрлэлээс үйлчилгээний салбарт шилжих үйл явц өрнөж байгааг гадаад, дотоодын шинжээч судлаачид дүгнэж байна. Мөн төрийн өмчит компаниудад шинэчлэл ид явагдаж эхэлснийг судлаачид онцолж байна.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ирэх оноос удааширах төлөвтэй байгаа нь байгалийн бохирдол ихэссэн тус улсад хөрөнгө оруулалтын дийлэнхийг агаар, хөрсний бохирдлоос ангижрахад зарцуулах болсонтой холбон тайлбарлаж байна.

Төрийн өмч давамгайлсан компаниудад бүтцийн шинжтэй өөрчлөлт бүхий шинэчлэл хийж буйг Хятадын томоохон үйлдвэр, ААН-үүдэд Компанийн засаглал хэрэгжээгүйгээс нүсэр бүтэц ноёлж, хөдөлмөрийн бүтээмж алдагдаж буйтай холбон тайлбарлаж байна. Мөн тус улсын эдийн засагт Хятад улсын өр нэмэгдсээр байгаа нь цаашид дарамт болохоор хэмжээнд хүрэхээр байгааг эдийн засгийн шинжээчид тэмдэглэж байна. Тодруулбал, ОУВС-гаас БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 6.7 хувь байна гэж байгаа боловч тус улсын өр өсч байгааг анхааруулсан байна. 


Тодруулга: Эдийн засгийн өсөлтийг дэлхийн хэмжээнд авч үзвэл энд 24.4 хувийг эзэлж буй АНУ-ын эдийн засаг тэргүүлж, БНХАУ-ын эдийн засаг 15.4 хувиар удаалж байна. Дараалаад 6.13 хувиар Япон, 4.63 хувиар Герман улсын эдийн засаг зонхилж байна. Их Британи, Франц, Энэтхэгийн эдийн засаг 3-иас дээш хувиар дэлхийн эдийн засагт өөрийн байр сууриа эзэлж байна. 

/Мэдээллийг Монголбанкны эх сурвалжаас бэлтгэв/

Б.Болд

 

Холбоотой мэдээ