Данид гүүрэн дээр галт тэрэг осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-03 10:11:51
Yesukheitumur Tumurbaatar

КОПЕНГАГЕН. /BBC/. Данийн Нюборг хотын “Great Belt Bridge” гүүрэн дээр галт тэрэг осолдсоны улмаас 6 хүн амиа алдаж, 16 гэмтэж бэртжээ.

 

“Ачаа тээврийн галт тэрэгний тээшний хучлага хүчтэй шуурганд шидэгдэж, зорчигч тээврийн галт тэргийг оножээ. Улмаар зорчигч тээврийн галт тэрэг огцом тоормозлож, зогсохоос өөр аргагүйд хүрсэн байна” гэж төмөр замын сүлжээний албаны хүмүүс мэдэгдлээ.

 

Галт тэргэнд 131 зорчигч, жолоодлогын багийн 3 гишүүн зорчиж байжээ.


Зорчигч тээврийн гал тэрэг Оденсэ хотоос нийслэл Копенгаген хот руу чиглэн явж байсан байна. Осол орон нутгийн цагаар 07:35-д болжээ.

 

Цаг агаарын байдал муу байгаатай холбоотойгоор яаралтай тусламжийн багийнхан осолдсон галт тэргэнд хүрэхэд нэлээд хүндрэлтэй тулгарсны зэрэгцээ галт тэрэг гүүрэн дээр зогссон нь аврах ажиллагаанд багагүй саад учруулж байгаа ажээ.

 

"Мөргөлдөх чанга дуу гарч, галт тэрэгний цонхнууд хагарч, толгой цохисон. Улмаар бид шалан дээр хэвтэж, дараа нь галт тэрэг зогссон" гэж нэгэн зорчигч Данийн “DR” телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.

 

Өөр нэгэн зорчигч хэлэхдээ, “бидний урд талын бүхээгний хажуу тал задарсан. Бид их азтай. Харин урд талын бүхээгний зорчигчдод азгүй зүйл тохиолдсон” гэсэн байна.

 

Уг осолтой холбогдуулан Нюборг хотын уг гүүрний баруун талын төгсгөлд яаралтай тусламжийн төв байгуулжээ. Мөн Фюнэн арлыг чиглэсэн галт тэрэг болон автозамын хөдөлгөөнийг хаасан боловч Зеланд арлыг чиглэсэн автозамын хөдөлгөөнийг нээжээ.

 

Энэхүү гүүрээр өдөрт хэдэн арван мянган автомашин дамжин өнгөрдөг байна. Хүчтэй шуурганы улмаас гүүрний автомашин зорчих хэсэгт хэд хэдэн осол гарсантай тухай албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ