УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит тэтгэлгийг 15 оюутанд олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-08 16:37:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ А.Ундраагийн санаачилсан “Идэр оюуны ундраа” аяны хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зарлаж, нийт 15 оюутанд олгохоор боллоо.

Өнгөрсөн онд тэрбээр шинжлэх ухаан, боловсролыг дэмжих зорилгоор МУИС-ийн байгалийн шинжлэх ухааны салбарын 10 оюутанд нэрэмжит сургалт, судалгааны тэтгэлгээ олгосон. Харин энэ жил МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар /хими, физик, биологи, математик/-т суралцаж буй 10 оюутнаас гадна ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд суралцаж буй 5, нийт 15 оюутан тус бүрт нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох юм.

Тэрбээр байгалийн шинжлэх ухаан, мал аж ахуй, биотехнологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна оюуны хөдөлмөрийн үнэ цэнэ, оюунлаг залуусын бүтээлч үйл ажиллагааг нийгэмд үнэлүүлэх зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг өргөтгөн үргэлжлүүлж байна. Мөн онолын болон хэрэглээний шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инженер бэлтгэх, энтрепренер буюу бүтээлч сэтгэлгээг хөхиүлэн дэмжихэд төр, хувийн сектор, хүмүүнлэгийн байгууллага, сан, хувь хүмүүсийг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 7-ны өдрөөс 3 дугаар сарын 1-нийг дуустал явуулах аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг  www.num.edu.mn, МУИС-ийн II байр, 216 тоот, Оюутны хөгжил, үйлчилгээний газар. Утас 7707730-1511,  www.muls.edu.mn ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургууль, 23 тоот өрөө, захирлын туслах ажилтан Утас: 976-75107777-223; 976-11-341924,  www.undraa.mn хаягаар орж авах боломжтой.

Холбоотой мэдээ