М.Энхболд: УИХ, Засгийн газар нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шуурхай шийдэх хэрэгтэй

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-01-10 18:28:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга М.Энхболд "МАНАН" бүлэглэлийн эсрэг бүх ард түмний тайван жагсаал"-ын талаар сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Жагсаалд оролцогч иргэдийн төлөөлөл болон УИХ-ын зарим гишүүд надтай уулзах хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу би уулзаж, тэдний санал бодол, шаардлагыг нь сонслоо. Энэ үеэр өнгөрсөн сарны 27-нд болсон жагсаалын дараа  надад ирүүлсэн шаардлагын хариуг өгсөн ч хүлээж аваагүй. УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудал хуулийн дагуу байх ёстой. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах заалтыг УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай оруулах хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлснийг би дэмжиж байгаа" гэлээ.

Уулзалтын үеэр жагсаалд оролцогчдын төлөөлөл УИХ-ын даргад халдсан тухай мэдээлэл үнэн эсэхийг тодруулахад, "Иргэдийн амьдрал сайнгүй байгаа тул олон нийт бухимдалтай байна. УИХ, Засгийн газар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шуурхай шийдэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд ирц хүрээгүйн улмаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 9 удаа хойшиллоо. Тиймээс УИХ-ын гишүүдийг төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарч ажиллахыг хүсч байна" гэв.

Холбоотой мэдээ