Х.Нямбаатар: Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг УИХ заавал биелүүлэх ёстой

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-01-10 20:50:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг өнөөдрийн дотор батлах зөвлөмж гаргасан талаар Т.Аюурсайхан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд мэдээллээ.

Энэхүү зөвлөмжид Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар гарын үсэг зуржээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг УИХ заавал биелүүлэх үүрэгтэй гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэллээ.

Энэ үеэр Л.Болд гишүүн, “УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг өнөөдөр шийдвэрлэх ёстой. Энэхүү асуудлыг эхлээд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх ёстой ч ирц бүрдэхгүй байна. Тиймээс УИХ-ын дарга Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс байнгын хороодын ирцийг бүрдүүлэх хэрэгтэй” гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Үүний дараагаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бөгөөд энэ үеэр анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргах боломжтой гэдгийг Х.Нямбаатар гишүүн тайлбарлав.

Холбоотой мэдээ