Байнгын хороо гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-10 23:30:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцээд, хүлээн авах шаардлагагүй хэмээн үзжээ.

Энэ талаар тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, "Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн мэдээллийг сонслоо. Хуулийн байгууллагууд ЖДҮХС-тай холбоотой хэргийг шалгаж дуусаагүй байна. Шалгалтаар гишүүд гэмт хэрэг үйлдсэнийг эцэслэн тогтоовол бүрэн эрхийн асуудлыг УИХ-д дахин өргөн барих боломжтой. Тиймээс прокурорын байгууллагын саналыг хүлээн авах шаардлагагүй хэмээн үзсэн. Мөн УИХ-ын гишүүд хууль, хяналтын байгууллагууд дуудсан цагт очиж мэдүүлгээ өгөх тул мөрдөн байцаалтын ажилд саад учруулахгүй" гэлээ.

Уг асуудлыг өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцээд хүлээн авах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Прокурорын байгууллагын саналыг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.

Холбоотой мэдээ