УИХ-ын тухай, УИХ-ын Дэгийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-01-11 03:28:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор гаргаж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг чуулганаар баталсан тохиолдолд чөлөөлнө” гэсэн заалт тусгасан байна. Мөн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолыг нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр тусгасан гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

Тухайлбал, О.Баасанхүү гишүүн, “Бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу энэ асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын аюулгүй байдалд ямар сөрөг нөлөө үүсэх нөхцөл байдал бий болоод Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж боловсруулсан бэ” хэмээн тодруулав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, “УИХ-ын чуулган хуралдалгүй нэг сар гаруй хугацаа өнгөрлөө. Мөн дун өвлийн хүйтэнд Сүхбаатарын талбайд иргэд суулт зарлаж байна. Энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргасан” гэлээ.

Энэхүү хуулийн төслийг баталснаар хууль тогтоох дээд байгууллагын дархлаа сулрах магадлалтай гэдгийг С.Эрдэнэ гишүүн шүүмжлэв. Тэрбээр, “Сонгуулийн дараа олонх болсон намын дарга өөрийн хүнээ УИХ-ын даргаар томилохын тулд хүссэн үедээ тогтоолын төсөл санаачлах эрхтэй болно. Ингэснээр УИХ тогтвортой үйл ажиллагаа явуулахад сөрөг нөлөө үзүүлнэ” гэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ