Т.Цэнд-Аюуш: Төрийн өмчийн компаниуд дахь төлөөлөл зохицуулагч биш өмчлөгч гэдгээ ухамсарлах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-11 09:52:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад Компанийн сайн засаглалын үнэлгээг төрийн өмчийн компаниудад өмнө хийж байгаагүй юм. Одоогийн байдлаар, "Багануур" болон "Эрдэнэс Монгол" компаниудад анхлан хийгээд байна. Төрийн өмчит ААН-үүдэд Компанийн сайн засаглалыг нэвтрүүлэх үүднээс “Багануур” ХК-д Компанийн засаглалын хөгжлийн төвөөс засаглалын үнэлгээ хийснийг өчигдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болсон хэлэлцүүлэг дээр танилцуулсан юм.

Баталсан дүрэм, журмыг хангалтгүй хэрэгжүүлсэн,  түүнд нь хяналт тавиагүй, ТУЗ-ийн хараат бус гишүүдийн цалин бусад гишүүдийнхээс өндөр боловч хуульд заасан эрх үүргийн дагуу үр ашигтай ажиллаж, компанийн үйл ажиллагааны эрсдлийг бууруулж байгаа эсэх талаар тайлан мэдээлэл байхгүй зэрэг дутагдал илэрчээ. Энэ талаар бид үнэлгээ хийсэн Компанийн засаглалын хөгжлийн төвийн захирал Т.Цэнд-Аюушаас зарим зүйлийг тодруулав.



-Ер нь төрийн өмчит ААН, компаниудын удирдлага, төлөөлөл төрийг хэрхэн төлөөлж яаж ажиллах ёстой вэ?

-Төрийн өмчит компани гэдэг бусад хэвшлийн компаниудтай адилхан, менежментийн баг нь мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн байх ганц шалгуур шаардлага бий. Ямар ч хэлбэрийн компанийн удирдлага болон ТУЗ-д мэргэжлийн хүмүүс байх ёстой. Тухайлбал, ТУЗ дахь хараат бус гишүүд гэдэг зүгээр нэг хөндлөнгийн хүмүүс биш юм. Төрийн өмчит компани гэдгийн цаана олон түмэн байдаг учир ТУЗ болон компанийн удирдлага ард түмнийг төлөөлж байна гэсэн үг. Тиймээс хараат бус гишүүд гэдэг олон түмний өмнөөс компанийг зөв удирдахад чиглүүлэх үүрэг хүлээж буй хүмүүс. Тэд мөн мэргэжлийн байж тухайн компанийн үйл ажиллагаа, удирдлагад хараа тавьж хянана гэсэн үг. Ийм учир хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалт үнэн зөв, шударга байх ёстой. Төрийг төлөөлж, үйл ажиллагааг хэрэгжүүлж буй хүмүүс ТУЗ-д орж ирэхдээ зохицуулагчийн үүргээр бус төр талаасаа өмчлөгчийн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор орж ажиллах ёстой юм. Гэтэл манайд үнэндээ зохицуулагч хийгээд байдаг буруу жишигтэй яваад байдаг. Жишээ нь, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар ч ялгаагүй яг ийм ойлголттой ажиллаад байдаг.

-“Багануур” ХК дээр засаглалын үнэлгээ хийхэд ямар зөрчил дутагдал, алдаа оноо гарч байна вэ?

-Давуу тал ч байна, түгээмэл алдаанууд ч гарч байна. Жишээ нь, манайд үйл ажиллагаа, менежмент нь тогтворжоод нэлээн олон жил болж буй төрийн өмчийн компаниудын ТУЗ дахь тогтворгүй байдал нь компанийн үйл ажиллагаанд эргээд сөргөөр нөлөөлөх байдал ихэвчлэн ажиглагддаг. Тийм байдал гарч байна. Дээр нь засаглалын хувьд дүрэм журам, үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэн хийсэн ч түүнийгээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадахгүй байна. Энэ мэтээр цаашид засч залруулах зүйлийг зөвлөөд байна.

-ТУЗ дахь тогтворгүй байдал гэдгийг дэлгэрүүлнэ үү?

-Манайд төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүн төр, засаг солигдох бүрт өөр нэг хүн ТУЗ-ийн гишүүн болох зэргээр байнга өөрчлөгдөж байгаа нь компани үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад сөргөөр нөлөөлж байна. Үнэндээ ТУЗ-ийн нэг гишүүн ТУЗ-ийн хуралдаа 1-2 удаа суугаад компанийнхаа учрыг сайн мэдээгүй байж байтал дараагийн хүнээр солигддог.

-Ер нь Сайн засаглалтай гэж ямар компанийг хэлэх вэ? Манай төрийн өмчит компаниуд дээр гарч буй түгээмэл алдаа, засч залруулах зүйл юу байна?

-Ерөнхийдөө өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байдаг механизмыг бий болгосон компанийг хэлнэ. Тухайлбал, үйл ажиллагаанд нь алдаа дутагдал гарлаа гэхэд, дотоод хяналт нь сайн, өөрийн аудитаараа зөрчил дутагдлаа  илрүүлчихдэг, улмаар өөрийнхөө үйл ажиллагаанд тохирсон зөв шийдвэр гаргадаг, эздийнх нь оролцоо зохих түвшинд тэнцвэрээ ханган ажилладаг тийм компанийг хэлнэ. Манайд хаалттай болон хувьцаат компаниуд дунд сайн сайн ААН-үүд байна. Бүгдэд нь засаглалын үнэлгээ хийгээгүй байгаа учир тэр нь тийм гэж яг одоо хэлж чадахгүй байна. Одоо төрийн өмчит компаниудад юун түрүү хийх зүйл гэвэл, жилийн тайланг ижил стандартаар жигдхэн гаргадаг болгомоор байна. Энэ бол манайхны одоо ойлгоод байдаг санхүүгийн болон жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан биш юм. Энэ нь засаглалын үйл ажиллагаа нь орсон, дотоод хяналт шалгалтыг хамруулсан, эрсдлээ бүрэн тооцсон, санхүү, төлөвлөлт стратеги зэргээ багтаасан  цогц тайланг хэлж байгаа юм. Ийм тайланг манайхан бүгд жигд гаргаад хэвшчихвэл төрийн өмчит компаниудын засаглал сайжирч илүү үр дүнтэй ажиллах юм.

Тодруулга: Манай улсад Компанийн сайн засаглалын үнэлгээг төрийн өмчийн компаниудад өмнө хийж байгаагүй юм. Одоогийн байдлаар "Багануур" болон "Эрдэнэс Монгол" компаниудад анхлан хийгээд байна. 


Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ