"Хөрөнгө оруулагч үндэстэн-2019" чуулга уулзалтаар цахим арилжаа, санхүүгийн хөгжлийг танилцуулна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-01-11 18:32:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ард санхүүгийн нэгдэл”-ээс иргэд, хөрөнгө оруулагчдад зориулан "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" уламжлалт чуулга уулзалтаа энэ оны нэгдүгээр сарын 19-нд зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээллээ.

Хөрөнгийн чиг хандлагыг тодорхойлох энэхүү чуулга уулзалтыг 2016 оноос хойш тогтмол зохион байгуулж байгаа юм. 2012-2016 онд үүссэн эдийн засгийн хямралын үед иргэд, ААН-үүд өндөр хүүгийн зээлийн дарамтад ороод байхад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өртөг багатай санхүүжилтийг бий болгох шаардлагатай юм байна гэдгийг хөрөнгө оруулагчид, иргэд ч аль аль талдаа ойлгосон.

Энэ утгаар “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга, уулзалт нь манай улсад хөрөнгийн зах зээлийг олон нийтэд сурталчлан таниулах, ААН-үүдийг энэ санхүүжилт рүү татан оруулах, санхүү босгох боломжийг бий болгож байгаа гэж хэлж болно. Тиймээс ч гурав дахь удаагаа зохиогдож буй чуулга уулзалтад ААН-үүд өөрсдөө санхүүжилт гарган идэвхи санаачилгатай оролцож буйд зохион байгуулагчдын зүгээс талархаж байна. “Investor nation-2019” буюу “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга, уулзалтаар үндсэн 4 илтгэлийг хэлэлцүүлэхээс:

Илтгэл 1: 2018 оны Хөрөнгийн зах зээлиийн голлох үйл явдлууд:

  • Хөрөнгийн зах зээл 2019 онд
  • Ард дижитал банкны танилцуулга

Илтгэл 2: Финтек гэж юу вэ

  • Финтекийн дайралт
  • Ард шоп онлайн худалдааны танилцуулга

Илтгэл 3: Хурдан

  • Цахим арилжааны танилцуулга
  • Дижитал тарнсформаци /хуулийн орчин/

 Илтгэл 4: Комплаенсын хэрэгжилт Монголд

  • Тэтгэврийн тогтолцоо, баялгийн сан
  • Ард койн”-ы танилцуулга
  • Утаагүй ирээдүйн сан-Смартсити сэдвээр иргэд, хөрөнгө оруулагчид яриа, хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Мөн “Цахим зээл, цахим гарын үсэг, “И-худалдаа Монголд” сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх аж.



Манай улсын хөрөнгийн зах зээлийн арилжаа жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн онд түүхэндээ хамгийн их IPO хийсэн төдийгүй хамгийн өндөр үнийн дүнтэй хувьцааны арилжаа хийжээ. Үүнээс хөрөнгийн зах зээл хөгжих боломжтойг харж болно. Үүнийг сурталчлан таниулах боломжийг олгоход “Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулга, уулзалт чухал түлхэц болно гэж Ард санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ц.Ганхуяг хэлж байв.

“Ард санхүүгийн нэгдэл” группын хэмжээнд 6500 гаруй хувьцаа эзэмшигчтэй болжээ. Цаашид 10 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй болох зорилтыг тавиад байна. Улмаар “Ард кредит” ББСБ, Монголын Хөрөнгийн бирж дээр IPО хийх, нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө аваад байна. Энэ талаар Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, “Лэнд.мн” шинэ жишиг тогтоосон сайн компани болсон. “Лэнд.мн”-ий IPO үнэлгээ дөнгөж гарааны компани, хасах баланстай байхдаа 20 тэрбум төгрөгт хүрч байсан. “Ард кредит” байгуулагдаад, ногдол ашиг тараагаад долоон жил болж байна. Дандаа ашигтай ажиллаж ирсэн. Энэ компанийн үнэлгээ яг адилхан 20 тэрбум байгаа. Одоо монголчууддаа, хөрөнгө оруулагчиддаа “Ард” ХХК хувьцаагаа хямд авах боломжийг нь олгож байна. Үүнийг зах зээл дээр дахиад нэг тэсрэлтийг бий болгох IPO гэж бодож байна. Олон улсад IPO хийж, ханшийг хэн тогтоодог гэвэл хөрөнгө оруулагч нар өөрсдөө. Өмнө нь, тогтоосон үнийн арга гээд өөрсдөө 100-200 гээд үнэ тогтоогоод түүнийгээ хөрөнгө оруулагч нарт шахдаг байсан. Өнөөдөр захиалгаа хоёр хуваагаад бүртгэлийн аргаар авч байна. Тэгэхээр харилцагч, хөрөнгө оруулагч нар өөрөө үнээ тогтоож байх жишгийг шинээр гарах “Ард кредит-ийн IPO тогтоох нь” гэж онцолж байв.



Харин “Ард кредит” ББСБ-ын гүйцэтгэх захирал Ч.Ганзориг энэ талаар хэлэхдээ, “Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч, манай компанийн хэтийн зорилт, зорилгыг дэмжсэн СЗХ, Монголын Хөрөнгийн биржийн удирдлагад талархаж байна. Санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх олон нийтийн эзэмшлийн финтек банк болох зорилгодоо бид нэг алхам ойртлоо. “Ард кредит” Монголын Хөрөнгийн зах зээлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэдэгтээ итгэж байна гэв..

СЗХ-ны шийдвэрээр “Ард кредит” ББСБ ХХК нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 70 сая ширхэг хувьцааг нийтэд санал болгон 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.  35 сая ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг 70 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 50 хувийг захиалгын бүртгэлийн аргаар нэг бүрийг 70-85 төгрөгөөр олон нийтэд санал болгох гэж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ