"The Voice of Mongolia" шоу нэвтрүүлэг Азийн телевизийн наадмын номинацид шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2019-01-13 10:27:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Телевиз /Mongol HD/ 23 дахь удаагийн Азийн телевизийн наадмаас "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлгээрээ шилдэг шоу нэвтрүүлэг, шилдэг нутагшуулсан шоу гэсэн хоёр номинацийн шагнал хүртлээ.


Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Asian Television Awards" 23 дахь удаагийн ёслолыг Малайз улсад өчигдөр /2019.01.12/ зохион байгуулсан юм. Тус наадамд Монгол Улсаас анх удаа "Mongol HD" телевизийн гурван нэвтрүүлэг, 4 номинацид нэр дэвшиж, ийнхүү "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлэг 2 номинацийг тэргүүллээ. Монгол Телевиз "The Voice of Mongolia", "Shark Tank", "Төрөх өрөөний тоглоом" зэрэг бүтээлүүдээрээ өрсөлдсөн байна.


Тус наадамд БНСУ, Хонконг, Тайвань, Малайз, Индонези, Япон зэрэг улсын телевизүүдийн бүтээлүүд өрсөлдөж байгаа аж. Азийн шилдэг телевизүүд 1996 оноос эхлэн "Asian Television Awards" наадмыг жил бүр зохион байгуулсан бөгөөд наадмын шилдгүүдийг Ази тивийн телевизийн салбарын 60 шүүгч тодруулдаг юм байна. Сонгон шалгаруулалтыг олон улсын аудитын "PWC" агентлаг хянаж ажилладаг.

Холбоотой мэдээ