Авлига, албан тушаалын хэргүүдийг нэн даруй шийдвэрлэхийг прокуроруудад үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-16 15:47:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож, нийгмийн анхаардлын төвд байгаа ЖДҮХС, “60 тэрбумын хэрэг” болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51, 49 хувьтай холбоотой авлига, албан тушаалын хэргүүдийг нэн даруй шийдвэрлэхийг үүрэг болголоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга жилийн өмнө Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож, оффшор данстай улс төрчид болон төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар 60 тэрбум төгрөг босгох гэсэн хэргийг шийдвэрлэхийг үүрэг болгосон. Гэвч тодорхой үр дүнд хүрэхгүй байгааг Ерөнхийлөгч шүүмжлээд, “Прокурорын байгууллагад хангалттай эрх мэдэл байгаа. Прокурорууд бол шударга ёсыг тогтоох үүрэгтэй, тангарагтай хүмүүс. Гэтэл Ерөнхий прокурорын орлогч нь ЖДҮХС-гаас хоёр жил дараалан зээл авсан хэргийг тогтоочихоод байхад үүргээ гүйцэтгэсээр байна. Намайг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхад ЖДҮХС-гийн зээл банкаар дамждаг байсан юм. Үүний дараа ЖДҮХС-гийн зээлийг сайдын тушаалаар олгодог болсноос хойш төрийн өндөр албан тушаалтнууд зээл авч эхэлсэн байна. Мөн “60 тэрбумын” гэх тодотголтой хэргийг УИХ-д танилцуулж, албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Иргэд эрх баригчдаас цалин, тэтгэврийн нэмэгдэл бус шударга ёсыг шаардаж байгаа. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажил хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Үүнд төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан хүмүүст хариуцлага тооцох асуудал яагаад яригдахгүй байна вэ. Энэ мэт тодорхой хэргүүдийг хуулийн дагуу шийдвэрлэхгүй бол бусад хэрэгтэй тэмцэж чадахгүй. Сүүлийн үед шуугиан дэгдээгээд буй 500 сая ам.доллартай тэнцэхүйц алт, мөнгөний нөөцтэй Салхитын мөнгөний ордын асуудал бий. Энэ ордыг ашиглаж байсан компани татвараа огт төлөхгүй байгаагаас гадна олборлосон түүхий эдийг гадаадад гаргаад, мөнгөн аяга үйлдвэрлэж Монголд эгүүлээд худалдаж байна. Энэ бүх хэргийг нэн даруй шийдвэрлэж, шударга ёсыг энэ танхимаас эхлүүлэн тогтоох хэрэгтэй” хэмээв.

Мөн Тавантолгойн бүлэг ордыг гэрээгээр халхавчлан 60 жилийн хугацаатай гадны компанид өгөх гэсэн оролдлого 2015 оны дөрөвдүгээр сард гарсныг дурьдаад энэ хэргийн баримт нотолгоо хангалттай бүрдсэн тул нэн даруй шалгаж шийдвэрлэх шаардлагатай гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Мөн уг хэрэгт холбогдох нотлох баримтыг Ерөнхий прокурорт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Ерөнхий прокурор Л.Энх-Амгалан, "Монгол Улсын прокурорын байгууллага хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хуулийн дагуу хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүйгээр, гэмт хэрэгтнийг хариуцлагаас мултлахгүйгээр шударга ажиллах болно" гэв.

Холбоотой мэдээ